Хүүхэд харах үйлчилгээний эрх авахаар 13 сумын 74 иргэн бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-07 09:01:31

2016 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж буй "Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль"-ийн дагуу 13 сумын 74 иргэн бүртгүүлээд байна.

Эдгээрийг хуулинд заасан нийтлэг шаардлага MNS6540:2015/ стандарт болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын А/152/ дугаар тушаалын дагуу сонгон шалгаруулж, эрх олгоно.Тодруулбал: Энэ үйлчилгээг эрхлэгч нь бүрэн дундаас дээш боловсролтой, тусгай сургалтанд хамрагдаж гэрчилгээ асван, 2-5 насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн, халдвартын болон сэтгэцийн өвчингүй, гэмт хэрэгт холбогдоогүй, 18-65 насны Монгол Улсын иргэн байна.

Харин үйл ажиллагаа эрхлэх орчин нөхцлийн хувьд дээрх стандартыг хангахаас гадна нэг өрөөнд 15-аас дээшгүй, нэг хүнд ногдох хүүхдийг таваас ихгүй байхаар заажээ. Энэ үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нас харгалзахгүй хамруулах ба ийм тохиолдолд үйлчилгээ эрхлэгчдэд олгох хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлэх юм байна. Засгийн газар  нэг хүүхдэд ногдох зардлыг 116,000 мянган төгрөг хэмээн тогтжээ. Хэрвээ зардал хүрэлцэхгүйд хүрвэл энэ мөнгөний 60 хүртэлх хувь буюу 70 мянган төгрөгийг эцэг эхчүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр авч болох аж.

Төв аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэдээлснээр хуулийн хэрэгжилтэд зориулж улсын хэмжээнд 10,8 тэрбум төгрөг хувиарласны 5,4 тэрбум төгрөгийг нийслэлд, үлдсэн санхүүжилтийг 21 аймагт олгоно. Уг санхүүжилтыг ойрын хугацаанд орон нутагт хуваарилавал  "Хүүхэд харах  үйлчилгээний" сургалтыг эхлүүлж, улмаар сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд дээрх үйлчилгээг үзүүлэх албан ёсны эрхтэй болно.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Связанные новости