ТӨВ: Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аяныг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-11-28 16:17:06

Зуунмод, 2025 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяныг Төв аймагт эхлүүллээ.


Энэ жилийн аянд "Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдэцгээе” уриан дор дэлхий нийтээр нэгдэж байна.


Аяны хүрээнд сургалт нөлөөллийн ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн “Бид харьцуулагдах ёсгүй” видео бичлэгийн уралдааныг зарлаж, “Жендэрийн мэдрэмжтэй, сум байгууллага”-ыг шалгаруулна.


Жендэрийн мэдрэмжтэй байгууллагаар өмнө нь шалгарч байсан байгууллагууд эмэгтэйчүүдийн ажиллах орчныг сайжруулж, хүүхэдтэй үйлчлүүлэгчдийн тав тухыг хангаж, ажилчдын суралцаж, өсөн дэвших нөхцөлийг бүрдүүлж өгч байсан байна.


Уг аяныг 1991 оноос жил бүр 11 дүгээр сарын 25-ны Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох өдрөөс 12 сарын 10-ны Хүний эрхийн өдөр хүртэл жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хортой үйлдлүүдийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах зорилгоор зохион байгуулдаг болжээ.


Монгол улсад анх 1997 онд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс санаачлан зохион байгуулж эхэлсэн байна.

 

Связанные новости