ТӨВ: Боловсруулах салбарын үйлдвэрлэл өмнөх оныхоос 6.8 хувиар өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Энэ онд Төв аймгийн боловсруулах салбарын үйлдвэрлэл 18.3 хувьд хүрч, өмнөх оныхоос 6.8 хувиар өссөн байна.
Энэ нь “Бизнесийн хөгжлийг дэмжих” урианы жил болгон зарлаж үүний хүрээнд олон ажил зохион байгуулсантай холбоотой байна. Тухайлбал, 2025 онд Төв аймгийн бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг санхүү, зээлийн бодлогоор дэмжин тусгай сангуудаас 79 төсөлд 9.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.
Мөн газар тариалан, мал аж ахуйн салбарт Монгол Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлд 121 иргэн, аж ахуйн нэгж 36.5 тэрбум төгрөгийн зээл олгож, 11 суманд 2 үйлдвэр 15 цех шинээр бий болсон байна. Эдгээр цехүүдийн гол бүтээгдэхүүн нь сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах, фермерийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа юм.
2009 оноос хойш Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийг Төв аймгийн 350 зээлдэгч авчээ.
Ulaanbaatar