Иргэний нийгмийн байгууллагууд аймгийн амжилтад дэмжлэг болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-01-13 10:01:37

Дорнод аймагт анхны Төрийн бус байгууллага байгуулагдсан нь 2000 он юм. Тэр цагаас хойш тус аймагт 70 гаруй Иргэний нийгмийн байгууллага байгуулагдаж саяхан нэгдсэн чуулга уулзалтаа зохион байгууллаа.

Энэ нь сүүлийн жилүүдэд тогтмолжсон ажил хэдий ч хяналт хариуцлага, мэдээллийн ил тод байдлыг сайжруулах, эмэгтэйчүүдийн манлайлал, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг, архидалтыг бууруулах, ногоон хөгжил байгаль хамгаалал гэхчлэн тодорхой хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллаж, амжилтад хүрч байна. Иргэний нийгмийн байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэж, төрөөс хараат бусаар, өөрсдөөс шалтгаалах бүхнээ бүрэн дайчилж ажиллавал иргэдийн амьдрал болоод засаг төрийн ажилд дэмтэй гэдгийг үг хэлсэн олон хүн онцолсон.

Тус аймаг Хүний хөгжлийн индексээр өнгөрсөн жил урьдахиас ахиж тавдугаарт эрэмбэлэгдсэн нь Иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаа идэвхжиж оролцоо сайжирсныг харуулж байгаа хэрэг юм.

Орон нутгийн иргэний нийгмийн байгууллагын үндсэн чиглэлийн хүрээнд 2016-2020 онд хийх хамтын ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг тодорхойлон тэдний саналыг тусгах зорилгоор зохион байгуулсан энэ удаагийн чуулга уулзалтыг аймгийн хөгжлийн сангаас санхүүжүүлсэн байна. Тус сангаас өнгөрсөн онд 30 гаруй сая төгрөгийг Иргэний нийгмийн байгууллагуудад олгожээ.

Б.Туяа

Связанные новости