Курд цагаачдын дийлэнх нь эх орондоо буцаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-01-18 18:26:35

БЕРЛИН. /Sputnik/. Европын хүйтэн хөндий байдлаас шалтгаалан дийлэнх курдууд Герман улсаас Иракийн Курдистан руу буцаж байна.

Иракаас ирсэн курд цагаачид хэдэн долоо хоногийг Германд өнгөрөөсний дараагаар таагүй байдалтай тулгарч, сайн дураараа эх орондоо буцаж байгаа талаар "Рудав" мэдээллийн групп мэдээлжээ.

Өнгөрсөн жил Сирийн дүрвэгсдийн цуваатай зэрэгцэн Иракийн Курдистаны олон цагаач Европт очсон. Цагаачид Европын Холбоонд үлдэх зөвшөөрөл олж авахын тулд хатуу чанга бодлогыг дагаж мөрдөх ёстой болдог бөгөөд энэ үйл явц нэлээд хэдэн сар үргэлжилдэг байна.

Германы эрх бүхий байгууллагын мэдэгдсэнээр, сайн дураараа буцаж буй хүмүүсийн дийлэнх нь Иракийн Курдистанаас ирсэн цагаачид байна гэж "Рудав" мэдээлжээ. Албан ёсны бус тооцоогоор, нэг өдөрт буцаж буй хүмүүсийн тоо 50 даваад байгаа юм байна. Зөвхөн нэгдүгээр сард л гэхэд Берлин-Эрбил шууд нислэгээр наад зах нь 86 хүн буцаж байна.

2015 онд хүчирхийлэл болон ядуурлын улмаас эх орноо орхисон нэг сая гаруй цагаач Герман улсад ирсэн байна.

Х.Сарнай

 

Связанные новости