Сумдын эмнэлгийн автомашины 70 хувь нь хэвийн ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-29 17:04:10

Төв аймгийн 27 сумын эрүүл мэндийн төв нийт 61 автомашинтайгаас одоогийн байдлаар 30 хувийнх нь  гүйлтийн километр дуусч, 70 хувь нь хэвийн ажиллаж байна.

Баяндэлгэр, Баянчандмань, Баянхангай зэрэг сумын түргэн тусламжийн тэргийг шинэчлэх шаардлага байгааг албаныхан мэдээлж байна. Сум бүр газар зүйн байрлал, хүн амын тоо зэргээрээ харилцан адилгүй байдгаас яаралтай, тусламжийн машины эвдрэл, гүйлт километр өөр өөр байдаг.  Үүнээс гадна сумдад дэд бүтэц хэр хөгжснөөс хамаарч, арай дэвшилтэт, боловсронгуй техник хэрэгсэл ашиглах шаардлага тулгарч байгааг эмч, мэргэжилтнүүд онцолж байна.

Жишээ нь Эрдэнэсант, Заамар, Жаргалант, Борнуур зэрэг зам дагуух суманд авто ослын тоо жилээс жилд нэмэгджээ. Иймээс өвчтөнг хэвтээ байдлаар тээвэрлэдэг түргэний тэрэгтэй болох хэрэгцээ байгаа аж. ЭМГ-ын мэдээлснээр 2014 онд ОНХС-ийн хөрөнгөөр Жаргалант, Бүрэн, яамны санхүүжилтээр есөн сум, 2015 онд хандив тусламжийн хүрээнд Зуунмод, Баян, 2016 онд Баянцогт, Сэргэлэн сумын эрүүл мэндийн төв техник, тоног төхөөрөмжөө сэлбэж, шинэ машинтай болж, өнөөдрийн байдлаар 61 тээврийн хэрэгсэл байгаа юм.

Харин эдгээрийн бензин шатахуунд өнгөрсөн жил 202 сая төгрөг зарцуулсан бол энэ жил 100 саяаар  нэмэгдэж, 302 сая болсон нь нэг суманд ойролцоогоор 9-15 сая төгрөгийн шатахууны зардал ногдож байгаа аж.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Связанные новости