Сумын сургуульд 55 инчийн зурагт хандивлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймгийн иргэн П.Адъяагийн үр хүүхдүүдээс “Буян” санг байгуулж, орон нутагт хандивын үйл ажиллагааг явуулж байна.
Өнгөрсөн жил Зүүнбаян-Улаан сумын төгсөх ангийн сурагч н.Бямбагүрийн оюутны сургалтын төлбөрийн 50 хувийг дааж, Хөдөө аж ахуйн их сургуулийн Байгаль хамгаалагчийн ангид суралцах боломжийг олгож байсан бол энэ удаа тус сумын ерөнхий боловсролын сургуульд 55 инчийн Лед зурагт хандивлалаа.
Тус сургууль нь 1935 онд байгуулагдан 81 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа ба өдгөө 43 багш, ажилчидтайгаар 17 бүлэгт 354 сурагч суралцаж байна. Японы Хүүхдийг ивээх сангийн “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах” төслийн хөрөнгөөр байгуулсан Бага боловсрол нөхөн олгох сургалтын танхимд хандивын зурагтыг байрлуулж, Кино театр болгохоор зорьж буйгаа тус сургуулийн захирал н.Ууганбаяр хэллээ. Тус театрыг байгуулснаар бүх төрлийн сургалтыг дуу, дүрстэйгээр явуулж, сумын ажилгүй иргэд, сургуулиас завсардсан хүүхдүүдэд мэдлэг боловсрол олгох аж.
Буян сан нь ирэх жилд тус сумын эмнэлгийн тохижилт болон сургуулийн номын санд хандив өргөхөөр төлөвлөөд байна.
Өвөрхангай Б.Батчимэг