ӨВӨРХАНГАЙ: “Өсвөрийн аврагч-2025" тэмцээнд 100 гаруй сурагч оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-09-26 16:52:51

Арвайхээр, 2025 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Өнөөдөр аймгийн Онцгой байдлын газраас “Өсвөрийн аврагч- 2025” аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа.


Тэмцээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдаас бүрдсэн 13 багийн 100 гаруй өсвөрийн аврагчид оролцож, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бусдад болон өөртөө анхны тусламж үзүүлэх ур чадвараа сорин тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдсөн юм.


Тэмцээнээр усанд осолдогчийг аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, химийн хордолттой замыг туулах, гал унтраах, бартаа саадыг давах, мэдлэг сорих асуулт хариулт зэрэг 8 цэгт оролцогчдын хурд хүч, авхаалж самбааг шалгалаа. Аймгийн Онцгой байдлын газраас офицеруудыг сургагч, чиглүүлэгчээр томилон багуудад заавар, зөвлөгөө өгсөн бөгөөд тэмцээний эхний байрыг Баян-Өндөр сум, удаах байрыг Өлзийт сум, гутгаар байрыг Арвайхээр сумын Тэмүүлэл-Эрдэм сургуулийн баг тамирчид эзэллээ. 


"Өсвөрийн аврагч" тэмцээн нь хүүхдийг болзошгүй аюул, ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалахад сургаж дадлагажуулах, анхан шатны мэдлэг олгох, авран хамгаалах онцгой байдлын албыг сурталчлахад оршино.




Связанные новости