Билл Гейтсийн сан “Зика” вирустэй тэмцэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭМОСКВА. /RIA Novosti/. “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс, түүний эхнэр Мелинда нарын “Bill and Melinda Gates” сан “Зика” вирусийн халдвартай тэмцэхээр төлөвлөж байгаа тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.
“Бид “Эбола” вирустэй тэмцэхэд оролцож байсан бөгөөд одоо бид “Зика” вирустэй тэмцэнэ” гэж Мелинда Гейтс тус агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
“Эбола”-тай харьцуулахад “Зика” вирустэй тэмцэх ажлыг дэлхийн хамтын нийгэмлэг “хамаагүй хурдан” эхлүүлж чадсан гэж Билл Гейтс хэлжээ. Саяхныг хүртэл тийм ч аюултайд тооцогдож байгаагүй “Зика” вирусийн халдвар санамсаргүй тархсан гэж тэрбээр үзэж байгаа аж.
“Энэ бол өөр асуудал бөгөөд анагаах ухааны шинэ технологи тусалж магадгүй боловч бид хэчнээн хүсч байсан ч хэзээ ч бүх зүйлийг нэг шөнийн дотор хийх боломжгүй байдаг” гэж “Microsoft”-ийг үндэслэгч онцлон хэлжээ.
“Бид шилдэг эрдэмтдийг цуглуулж, Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллахыг хичээж байна” гэж Мелинда Гейтс сангийнхаа авч буй арга хэмжээнүүдийн талаар ярихдаа хэлжээ.
Билл болон Мелинда Гейтс нарын буяны сан Баруун Африкт үхлийн аюултай “Эбола” вирустэй тэмцэхэд 50 сая доллар гаргасан байна.
Д.Жаргал