Польш улс 2040 оны Олимпыг зохион байгуулах хүсэлт гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-11-27 16:51:12

ВАРШАВ, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /Anadolu/. Бүгд Найрамдах Польш Улс 2040 оны зуны Олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөх төлөвлөгөөгөө зарлаж, 24 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.


Польш улс 2040 оны зуны Олимпын наадмыг зохион байгуулахын тулд “Варшав 2040” хэмээх спортын хөгжлийн стратегиа танилцуулсан гэж TVP World суваг мэдээлжээ. Ирэх оноос хэрэгжиж эхлэх уг хөтөлбөр нь “үндэсний спортын дэд бүтцийг шинэчлэх, спортын амжилтыг ахиулах” зорилготой ажээ.


“Варшав 2040” спортын хөгжлийн стратегид мөн 100 тэрбум злотын /24 тэрбум ам.доллар/ хөрөнгө оруулалт, 1500 шинэ дасгалжуулагч ажилд авах, спортын холбоодод зориулан дөрвөн жилийн хугацаатай санхүүжилтийн загварыг нэвтрүүлэх зэрэг багтсан байна.


Ерөнхий сайд Дональд Туск “ЕВРО-2012” тэмцээнийг зохион байгуулж байсан улс орныхоо өмнөх туршлагыг дурдаад, Олимпын наадмыг зохион байгуулахыг “бодитой зорилго” хэмээн тодорхойлжээ.


Олон улсын Олимпын хороо 2040 оны Олимпыг зохион байгуулах эрхийн төлөөх өрсөлдөөний албан ёсны үйл явцыг хараахан эхлүүлээгүй байгаа бөгөөд Польш улс 2026 оны эхээр хүсэлтээ хүргүүлэх төлөвтэй байна.

 


Связанные новости