Боловсрол,соёл, эрүүл мэндийн салбарынхан уулзаж туршлага судаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-09-20 11:55:18

  

Увс /МОНЦАМЭ/.  Зүүн бүсийн сумдын боловсрол, соёл, эрүүл мэндийн байгууллагуудын хоёр дахь удаагийн “Туршлага судлах, зөвлөлдөх уулзалт”  есдүгээр сарын 17-18-нд  Хяргас суманд боллоо. Зөвлөлдөх уулзалтаар аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат Нийгмийн салбарын өнөөгийн байдал, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд” сэдвээр илтгэл тавьсан бол аймгийн боловсролын болон эрүүл мэндийн байгууллагын дарга нар 2017 оны зөвлөлдөх уулзалтаас шалгарсан тэргүүн туршлагын үр дүн, хэрэгжилтийн талаар” мэдээлэл хийсэн байна. 

Мөн сумдын Засаг дарга нар нийгмийн салбарын байгууллагуудын ажлын ахиц, амжилт, хөрөнгө оруулалтын талаар илтгэл тавьжээ. Зөвлөлдөх уулзалтын үеэр Ерөнхий боловсролын сургуулийн салбар хуралдааныг "Сургуулийн дотуур байрны Монгол зан үйлийн амьдрах ухааны өргөө”-гөөр дамжуулан хүүхдийг хөгжүүлэх, хүмүүжүүлэх, сургах арга зүй сэдвээр, сургуулийн өмнөх боловсролын салбар хуралдааныг “Багшийн хөгжлийг дэмжих, сургалтын шинэлэг, бүтээлч арга зүйг нэвтрүүлсэн байдал” сэдвээр, эрүүл мэндийн төвийн салбар хуралдааныг “Хүүхдийн эндэгдэл, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” сэдвээр, Соёлын төвүүдийн салбар хуралдааныг “Үзвэр үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах арга зүй” сэдвээр тус тус явуулсан байна.

Өнгөрсөн жилийн Ерөнхий боловсролын сургуулийн тэргүүн туршлагаар Улаангом сумын VI сургуулийн “Болзол дэвшүүлэн үр дүнд хүргэх аргазүй” тэргүүн туршлага шалгарсан бол сургуулийн өмнөх боловсролын тэргүүний туршлагаар Улаангом сумын V цэцэрлэгийн “Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх арга зүй” туршлага, Эрүүл мэндийн төвийн тэргүүн туршлагаар Хяргас сумын “Мини аптек” туршлага тус тус шалгарч, батламж хүртжээ.

                                                                                         Б.Батхүү

 

Связанные новости