Япон Латин Америкийн орнуудад 1 сая долларын тусламж үзүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДТОКИО. /Sputnik/. “Зика” вирусийн халдвартай тэмцэхэд нь туслах зорилгоор Японы Засгийн газар Латин Америкийн орнуудад нэг сая долларын яаралтай тусламж үзүүлнэ гэж тус улсын Гадаад хэргийн сайд Фумио Кишида мэдэгдэв.
Яаралтай тусламжийг олон улсын дөрвөн байгууллага, тухайлбал, ДЭМБ-аар дамжуулан олгоно гэж тэрбээр мэдэгдсэнийг “Japan Times” сонинд мэдээлжээ.
Өнгөрсөн жилээс тархаж эхэлсэн “Зика” вирусийн халдварын анхны тохиолдол өчигдөр Японд илэрсэн байна. Өвчтөн өсвөрийн насны эрэгтэй бөгөөд тэрбээр Бразилд долоо орчим хоног байсан байжээ.
2015 оны хавар Бразилд дэгдсэн “Зика” вирусийн халдвар Латин Америкийн орнуудад тархаад байна. Мөн АНУ болон Европын хэд хэдэн оронд халдвар авсан тохиолдол илэрсэн билээ. Бразилд 1.5 сая гаруй хүн халдвар авсан байна.
Д.Нямтулга