Хээрийн амьтанд зориулж ухаалаг худаг, уст цэг байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/. Орон нутгийн өмчит "Таван толгой" ХК-ийнхан нарны эрчим хүчээр ажилладаг худгийг ан амьтанд зориулан гаргасан байна. Үүнээс гадна тус компанийнхан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд зэрлэг ан, амьтанд зориулсан нарны эрчим хүчээр ажиллах автомат өргүүр бүхий уст цэгийг хийж ашиглалтад оруулжээ.
Говь нутаг хур тунадас бага зарим жил гандуу үед говийн булаг шанд ширгэж ан амьтан усгүй харангадах, үхэж үрэгдэх, дайжих зэрэг шалтгаанаар тоо толгой нь багасах үзэгдэл жил ирэх тусам ажиглагдах болсон. Тиймээс "Тавантолгой" ХК нь биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах ажлынхаа хүрээнд тус аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутагт орших Цэций уул, Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийг сонгон авч ан амьтанд тустай дээрх ажлыг гүйцэтгэсэн байна.
Худаг нь тодорхой цагийн давтамжаар цөөрөм рүү ус хуримтлуулах байдлаар ажиллах, ухаалаг усалгааны системтэй бөгөөд, цөөрмийн орчныг, зэрлэг амьтдын бэлчээрийн нутгийг ажиглалт, судалгааны ажил гүйцэтгэх зорилгоор камержуулсан аж. Цаашид нутгийн малчин айл өрхтэй ан, амьтан хамгаалах, ажиглалт, тандалт хийхээр хамтран ажиллахаар төлөвлөөд байгаа аж.
Д.Мишигсүрэн