Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын саналыг хэлэлцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-10-10 14:23:52

Ховд/МОНЦАМЭ/.Ховд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн энэ оны 09 дүгээр сарын 26-ны тогтоолоор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” дэд зөвлөл байгуулсан.

Дэд зөвлөл нь Монгол Улсын хэмжээнд нийт таван аймагт байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхэлж буй бөгөөд зөвлөлийг арга зүй, удирдлагаар хангаж, туршлага солилцох, үүрэг чиглэл өгөх уулзалт, хэлэлцүүлэг Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас Ховд аймагт энэ оны 10 дугаар сарын 09-нд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр Дэлхийн Байгаль хамгаалах сан /WWF/-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл болон гишүүн байгууллагуудтай хамтран ажиллах боломж, баримталж буй бодлого, чиглэл зэргийг хэлэлцүүлэв.

Арга хэмжээнд Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн гишүүн байгууллагууд болох аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар, Шүүхийн Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, БСУГ, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Дэлхийн байгаль хамгаалах сан, Жаргалант сумын ЗДТГ зэрэг албан байгууллагын  удирдлагууд оролцлоо.

Уулзалт хэлэлцүүлгээс хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гишүүн байгууллагуудын хийж, хэрэгжүүлэх ажлын саналыг авч, аймгийн ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган ажиллахаар тогтов.

                                                                                                                                      А.Бямбасүрэн

Связанные новости