ХОВД: 200 гаруй жилийн түүхтэй цуур хөгжим
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны арван нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн музейн үзмэрийн танхимд 70 см урттай, хулс модоор хийсэн цуур хөгжим хадгалж байна.
Энэ хулсан цуур хөгжмийг БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах орны Ээвэн голын эрэг дээр Н.Тавьтай гэдэг хүн үлээж байсан юм.
Уг цуур хөгжим нь он цагийн хувьд 200 гаруй жилийн түүхтэй.
Тус хөгжмийг туульч, цуурч Э.Баатаржав 2010 онд Ховд аймгийн Музейд өгснөөр олон нийтийн хүртээл болжээ.
Цуур бол баруун Монголын олон угсаатны давтагдашгүй соёлын өвийг өнөөг хүртэл тээж ирсэн хөгжмийн зэмсэг юм.
Цуур хөгжмийг тоглохдоо нэг үзүүрийг шүдээр тулан үлээж, исгэрэх авиа гаргахын сацуу хоолойн шахалтаар хөөмийлэх мэт дэвсгэрлэсэн нь өнгө давхар эгшиглүүлдэг өвөрмөц содон.
Алтайн урианхай угсаатан цуур хөгжмийг түгээмэл хэрэглэж байсан түүхтэй.
Тэд цуурын аялгуугаар дамжуулан уулын оройн салхи, шуурганы исгэрээ, өвс ургамал, усны шуугих дуу чимээ, морь, тэмээний явдлыг илэрхийлж тоглодог.
Тухайлбал, ”Алтайн магтаал”, ”Арын алтан ус”, ”Өрөөлтэй шарга”, ”Жалам хар морь” зэрэг ардын дундаас үүссэн олон аялгууг тоглосоор иржээ. Алтайн урианхай угсаатан жил бүрийн шинийн нэгнээс гуравныг дуустал цуур үлээж, ирэх жилийн гай гарзыг хөөдөг заншилтай байжээ.
Цуур хөгжмийн уламжлалт урлаг нь Монгол Улсын соёлын биет бус өвийн ховор хосгүй зэрэглэлд багтдаг. 2009 онд ЮНЕСКО-гоос Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет өвийн дэлхийн жагсаалтад бүртгэжээ.
Ulaanbaatar