"Ирээдүйн оддын гараа"-нд 55 багийн 500 гаруй тамирчин өрсөлдлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Хяргас сумын харъяат, Сагсан бөмбөгийн ОУХМ, Увс аймгийн ууган мастер, Монгол Улсын шүүгч Ванчигийн Төмөрбаатарын нэрэмжит өсвөр үеийн "Ирээдүйн оддын гараа" сагсан бөмбөгийн тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд аймгийн Спортын ордонд болж өнгөрлөө.
Тэмцээнд Улаангом сумын ЕБС-иуд болон хөдөө сумдын нийтдээ 55 багийн 500 гаруй тамирчин оролцсон өргөн цар хүрээтэй томоохон арга хэмжээ боллоо. Энэхүү тэмцээнийг ивээн тэтгэн явуулж буй В.Төмөрбаатар нь Швейцарь улсад ажиллаж, амьдарч байгаа тул түүнийг төлөөлж хүү Т.Гал-Ариус нь хүрэлцэн ирж нээлтэд оролцсон юм.
Сагсан бөмбөгийн спортоор хичээллэх дур сонирхолтой өсвөрийн тамирчдын ур чадварыг сорьсон энэхүү тэмцээн нь 12-15 нас, 16-18 нас гэсэн ангиллаар явагдсан бөгөөд багийн нийлбэр дүнгээр Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит, Улсын тэргүүний лаборатори цогцолбор нэгдүгээр сургуулийн баг тамирчид тэргүүллээ.