Бөхмөрөн суманд цас багатай, мал зутарч болзошгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Бөхмөрөн
суманд өвөлжилт хэр болж байгаа талаар тус сумын Засаг дарга
Т.Төртогтохоос тодрууллаа.
“Бөхмөрөн сум 2018 оны жил эцсийн мал тооллогоор 141.2 мянган толгой мал тоолуулаад байна. Малчид болон мал бүхий иргэд 3500 тн өвс, 100 тн гар тэжээл, 300 тн хужир шүү бэлтгэсэн. Тус сумын нутагт өвөлжих малын тоог хонин толгойд шилжүүлснээр 190.2 мянган толгой мал өвөлжих судалгаа гарснаас хилийн зурваст 34 өрхийн 21,2 мянган толгой мал, тусгай хамгаалалттай газарт 28 өрхийн 18 мянган толгой мал өвөлжиж байна. Отроор бусад сумдаас 20 өрхийн 84 хүн ам, үүнээс 0-5 настай хүүхэд 8, өндөр настан 3, жирэмсэн эх нэг байна. Малчин сумын 11 өрх, Тариалан сумын 2 өрх, Өмнөговь сумын 2 өрх, Түргэн сумын 1 өрх, Ховд сумын 2 өрх, Улаангом сумын 2 өрх, Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын 1000 бод мал отроор өвөлжиж байна. Одоогийн байдлаар Гурван жигэртэй баг, Хар алтат багийн хойт хэсэг ундны цасгүй, Хар алтат багийн өмнө хэсгээр цастай ч өвсний гарц тааруу байгаа. Хүйтний эрч эрс чангарч байгаа энэ үед хараар зутрах магадлалтай байна. Мөн цаашид цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар нэг, хоёрдугаар сард хүйтний эрч чангарч цас унавал өвөлжилт хүндэрч болзошгүй байна” хэмээн ярилаа.