Хөлбөмбөгийн “Үндэсний цом” тэмцээн хоёр шатлалаар болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээлд жил бүр зохион байгуулдаг, 21 аймгийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах “Үндэсний цом” тэмцээн энэ жилээс шинэ системээр буюу шинэ бүтэц, зохион байгуулалттай болно.
“Үндэсний цом” тэмцээнийг дээд болон нэгдүгээр шат гэсэн хоёр шатлалаар зохион байгуулна. Тухайн аймгийн шигшээ баг өмнөх жилдээ ямар амжилт үзүүлснээс хамаарч аль шатанд өрсөлдөх нь шийдэгдэх юм. Дээд шат, нэгдүгээр шатны багууд зөвхөн өөрсдийн зэрэглэл, шатлалдаа өрсөлдөн тус тусдаа шагналтнуудаа тодруулна.
Дашрамд дурдахад, энэ жилийн дээд шатны сүүлийн хоёр баг ирэх жил нэгдүгээр шатанд өрсөлдөх бол нэгдүгээр шатны эхний хоёр баг чансаа өгсөн дээд шатанд хүч сорино. Энэ нь харьцангуй хүчтэй өрсөлдөгчтэй биш, адил түвшний багтай эн тэнцүү тоглолт гаргах боломжийг багуудад олгож байгаа юм. Шинэ системийг 2019 оны нэгдүгээр сарын 22-30-нд Сэлэнгэ аймагт болох футзалын “Үндэсний цом” тэмцээнээс хэрэгжүүлэхээр болжээ.