Спортын сэтгүүлч Б.Онон “Дакар ралли”-г Перу улсаас сурвалжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөд Америкийн Перу улсын нутаг дэвсгэрт болж буй авто спортын “Дакар Ралли-2019” уралдаанд Монгол Улс анх удаа бүтэн багаараа оролцож байна.
“Dakar 2019 Team Mongolia” баг автомашины SxS ангиллын дөрвөн дугуйт /413 дугаартай/ болон мотоциклын /120 дугаартай/ төрөлд өрсөлдөж байна. Автомашины болон мотоциклын хоёр дахь гараанд манай баг тамирчид замаа амжилттай дуусгаад байгаа юм.
Монголын баг тамирчид энэ удаа өөрийн сурвалжлагчтай Перу улсад очоод байгаа бөгөөд спортын сэтгүүлч Б.Онон анх удаа “Дакар Ралли”-г сурвалжилж, газар дээрээс нь мэдээллийг хүргэж байгаа билээ. Тэрбээр энэхүү уралдааныг сурвалжлах мандатаа зургаан мянган еврогоор авсан байна. Дэлхийн хамгийн аюултай, бартаат замын олимпийг сурвалжлахаар олон улсын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд өндөр төлбөр төлж ажилладаг. Энэхүү уралдааныг сурвалжлах эрхийн мандат 12 мянган еврогийн үнэтэй ч Монголоос анх удаа сэтгүүлч очсонд зохион байгуулагч францчууд талархаж, төлбөрийн 50 хувийг хөнгөлжээ.
Сэтгүүлч Б.Ононгийн хувьд, 2016 оноос эхлэн Монголын
автомастеруудын холбооны цуврал уралдааны 20 гаруй нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд
хүргэсэн юм. Тэрбээр өдгөө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир
спортын газрын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байна.