“Глобал сан”-тай хамтран ажиллахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-01-09 14:52:49

Дорноговь /МОНЦАМЭ/. Замын-Үүд сумын ЗДТГ эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлууд болох  сүрьеэ өвчин болон, ДОХ, ХДХВ, бэлгийн замаар дамжих халдварт өвчнийг бууруулах чиглэлээр 2019 онд “Глобал сан”-тай хамтран  ажиллахаар болжээ.

Дээрх асуудлаар “Глобал сан”-гийн тэргүүн А.Оюунбилэг, Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн Ч. Ганхүү нар сумын Засаг дарга Н.Алдарбаяр болон сумын Нэгдсэн эмнэлгийн холбогдох мэргэжилтнүүдтэй хоёр хоногийн өмнө уулзаж хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Хөдөлгөөнт хүн амтайгаа нийлээд 25 мянга орчим хүнтэй Монголын хамгийн том боомт хот Замын-Үүдэд сүрьеэ, бэлгийн замын өвчлөл,  элэгний вс вирүсынн өвчлөл өндөр байдаг аж.

Тиймээс дээрх өвчинтэй тэмцэхийн тулд хүн ам ихээр суурьшсан, хилийн боомт,  хөдөлгөөнт хүн амтай бүсүүдэд илүүтэй анхаарал хандуулах, өвчлөлийг бууруулахад хөрш гурван улсын хилийн боомт хотуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан чуулга уулзалтыг зохион байгуулах тохиролцсон аж.

”Глобал санг”-аас Нэгдсэн эмнэлэгт тэмбүүгийн оношлогооны түргэвчилсэн аппарат, оношлогооны практикт ашиглах микроскоп, иж бүрэн комьпютерийг гардуулсан бол Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбооны эмч нар Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэ, бэлгийн замын дамжих халдварын кабинетэд зөвлөн туслах үйл ажиллагаатай танилцан ажилласан  байна.

Связанные новости