Удам залгасан бөхчүүд манлайлсан улсын аваргын тэмцээн өндөрлөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул, багш, сурган хүмүүжүүлэгч,
ОХУ-ын Буриад улсын гавьяат дасгалжуулагч, Алтан гадас одонт,
спортын мастер Д.Эрдэнэбатын нэрэмжит жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2019 оны
Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-ноос 9-ний
өдрүүдэд болж
өндөрлөлөө.
Тэмцээний сүүлийн өдөр
хүнд жингийн буюу бөх сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татдаг
+100 кг-ийн жинд олон шилдэг бөхчүүд өрсөлдсөн юм. Тухайлбал Ө.Дүүрэнбаяр,
Б.Тэмүүлэн, Б.Сугаржаргал, Б.Өнөржаргал, Д.Пүрэвдорж, Х.Цогтгэрэл нарын туршлагатай шилдэг мастерууд хүч сорьсон бол залуу тамирчин Одхүүгийн Цэцэнцэнгэл
өрсөлдөгчдөө илүүрхэн ялсаар 20 шүргэх насандаа “Улсын аварга” тамирчин болжээ. Мөн Улсын дөрвөн удаагийн аварга, ОУХМ Баттулгын
Тэмүүлэн мөнгөн медалийн болзол хангасан бол Хутагийн Цогтгэрэл, мөн шинэ залуу
тамирчин Сумьяабэйсийн Бат-Орших нар хүрэл медалийн болзол хангажээ. Улсын аваргын алтан медаль хүртсэн О.Цэцэнцэнгэл Япон улсад жүдо бөхийн
чиглэлээр суралцдаг бөгөөд Хэнтий аймгийн харьяат, улсын начин, жүдо бөхийн
ОУХМ Б.Одхүүгийн хүү ажээ. Харин
хүрэл медальт С.Бат-Орших улсын начин Ц.Сумьяабэйсийн хүү гэнэ. Ийнхүү бөхийн
удамт залуус улсын аваргын медальтнууд болов.
Сэлэнгэ аймгийн
Сүхбаатар хотноо гурван өдрийн турш үргэлжилсэн жүдо бөхийн насанд
хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн
амжилттай өндөрлөж, улсын аваргууд ийн тодорлоо.