Баруунтуруун сумынхан нэгдсэн халаалт хариуцдаг компаниа өөрчлөхийг хүсч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-01-10 21:29:18


   Увс /МОНЦАМЭ/. Баруунтуруун сумын нэгдсэн халаалт доголдолтой байна. Энэ талаар тус сумын Засаг дарга С.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

“Манай  сумын төвийн нэгдсэн халаалт 2015 онд ашиглалтад орсон бөгөөд таван байгууллага, 20 айлыг дулаан халаалтаар хангаж байна. Хоногт 4.5-5 тонн нүүрс зарцуулдагаас одоогоор 130 тонн нүүрсний нѳѳцтэй байгаа. Сумын ЗДТГ-ын барилга 1983 онд ашиглалтад орсон тул барилгын чанар муудсан, дулаан алдагдал ихтэй, ажлын ѳрѳѳндѳѳ нэмэлт халаагуур ажиллуулдаг, гадуур хувцастайгаа ажилладаг зэрэг хүндрэлтэй асуудал ихтэй байна. Мөн ХААН банк нэмэлтээр халаагуур ажиллуулдаг тул цахилгааны зардал нэмэгдсэн. Цэцэрлэгийн халаалт муугаас хүүхдийн тоо цѳѳрч, 170 хүүхэд ирэхээс ѳнѳѳдрийн байдлаар 80 хүүхэд цэцэрлэгт явж байна. Барилгын дулаан алдагдлыг ѳѳрсдийнхѳѳ нѳѳц боломжоор бууруулсан ч халаалт дулааны хүртээмж муу байсаар байна. Үүнээс гадна сургуулийн байранд хичээл явуулахад хүндрэлтэй байгаа. Соёлын тѳвийн халаалт нам даралтаар халдаг байх үеэс эрс муудсан. Манай сумын халаалт дулааны асуудлыг хариуцан ажиллаж байгаа "Оч гэрэл" компани нь үйл ажиллагаагаа сайжруулах ямар ч сонирхол байдаггүй. Компанийн удирдлагуудад удаа дараа шаардлага хүргүүлсэн ч халаалт хэвийн болсонгүй. Уурын зууханд гарч байгаа ээлжийн ажилчдаас халаалт ихээхэн шалтгаалж байна. Тэрчлэн нүүрсний нѳѳц тасрах тохиолдол үе үе гардаг. Эдийн засгийн чадамж муу, гэрээнд заасан үүргийнхээ дагуу ажиллаж чадахгүй байгаа тул “Оч гэрэл” компанийн тусгай зѳвшѳѳрлийг нь цуцалж, чадамжтай ѳѳр компанид манай сумын төвийн нэгдсэн халаалтыг шилжүүлж ѳгнѳ үү гэсэн хүсэлтийг аймгийн Эрчим хүчний зохицуулах зѳвлѳлд би уламжилсан. Ирэх жилээс Тѳрийн банк, Цагдаагийн байр, Онцгой байдлын байр, эмнэлэг, айл ѳрхүүд гээд талбай ихтэй хэрэглэгчид холбогдох тул халаалт дулааны асуудал дээр дорвитой шийдэл хэрэгтэй байна” хэмээн Баруунтуруун сумын Засаг дарга С.Лхагвасүрэн мэдээллээ.

 

Связанные новости