Зүүнхангай сум түмэн адуутай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-01-14 22:06:46


   Увс /МОНЦАМЭ/. Зүүнхангай сум 2018 оны жил эцсийн мал тооллогоор 160.7 мянган мал тоолуулсан байна. Сумын хэмжээнд 651 өрх малчин өрх тэмээ 107, адуу 10079, үхэр 9136, хонь 86472, ямаа 54914 толгойг тоолуулжээ.  

Зүүнхангай сумын Засаг дарга Ж.Батбаяраас тус суманд ѳвѳлжилт хэр болж байгаа талаар тодрууллаа.

Отрын бүсэд хоёр багийн 17 өрх, 1300 гаруй бод мал өвөлжиж байна. Сумын аюулгүйн нөөцөд ОНХС-гийн 4.5 сая төгрөгөөр 1000 боодол өвс авч нөөцөлсөн. Иргэд байгалийн хадлан 2440,5 тн, ногоон тэжээл 10 тн-ыг тус тус бэлтгэсэн. Мөн ОНХС-гийн хөрөнгөөс 22 сая төгрөгийг цаг хүндрэх нөхцөл үүсвэл зарцуулахаар бэлэн байлгаж байна. Отрын бүсэд өвөлжиж байгаа 17 өрхөд өндөр настан дөрөв, 0-5 настай хүүхэд 21, жирэмсэн эх гурав, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гурав, нярай хоёр байна. 2018 оны 11-р сарын 1-ээс хойш сумын эрүүл мэндийн төвөөс зургаан удаа тус хүмүүст эргэлт хийсэн. Одоогоор хаагдаж боогдсон зам даваа байхгүй, цас багатай учраас төв замууд хараараа байгаа. Эрчим хүч, харилцаа холбооны тухайд бүгд хэвийн ажиллаж байна. Энэ онд сумын адуун сүрэг 10 мянга давсан тул сумандаа “Түмэн адууны баяр” наадам хийхээр төлөвлөн ажиллаж байна” хэмээн тус сумын Засаг дарга Ж.Батбаяр хэллээ.

 

 

Связанные новости