Татварын тайлангаа хуулийн хугацаанд ирүүлэхийг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-01-18 12:26:39

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Татварын хэлтсээс 2018 оны жилийн эцсийн татварын тайлангаа ирэх сарын 10-ны дотор буюу хуулийн хугацаандаа ирүүлэхийг санууллаа. Хэрвээ тайлан өгөөгүй хоцроосон тохиолдолд Зөрчлийн хуулийн дагуу хуулийн этгээдийг 1,5 сая, хувь хүнийг 150 мянган төгрөгөөр торгох аж.

Аймгийн хэмжээнд хуулийн этгээд, бизнес эрхлэгчид, хувь иргэдээс нийтдээ 15 нэр төрлийн 50 мянга орчим тайлан ирэх ёстой байна.

Жилийн эцсийн татварын тайлангуудыг хүлээн авах хугацаа хуулийн этгээд 2-р сарын 10, иргэн 2-р сарын 15-аар дуусгавар болох тул Хувь хүний орлогын албан татварын хуульд заасны дагуу бизнес эрхлэгч иргэд 2018 онд төлсөн татварынхаа тайлан тооцоог ирүүлэх хэрэгтэй байна. Аймгийн Татварын хэлтсээс татвар төлөгчдөд зориулсан зөвлөгөө мэдээллийг тогтмол өгч байна. Мөн хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу орон сууц, сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх иргэдийн материалыг хүлээн авч байна” хэмээн аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Н.Түмэннасан хэллээ.

 

Связанные новости