Тэргүүний сум шалгарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Аймгийн 19 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Тамгын газрын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга нар Улаангомд ирж гурав хоног сургалтад хамрагдан өнөөдөр буцаж байна. Энэ үеэр сумдын Засаг дарга нар 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаарх тайлан мэдээллийг аймгийн удирдлагуудад сонсгосон юм.
Сумдын ажлыг дүгнэхдээ Засгийн газрын болон аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлсэн, төрийн албаны стандарт, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг хэрхэн хангасан, аймгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулан манлайлж ажилласан эсэхийг харгалзан үзэж шилдгүүдийг шалгаруулжээ.
Нэгдүгээр
байранд Завхан, хоёрдугаар байранд Баруунтуруун,
гуравдугаар байранд Давст, тусгай
байранд Өндөрхангай, Ховд сум тус тус орсон байна. Завхан
сумын хувьд өнгөрсөн 11 дүгээр сард 30 гаруй жинчин 140-өөд тэмээтэй аймгийн төвд
жин тээж ирсэн бөгөөд энэ үеэр тус сумыг аймгийн төвд сурталчлах үйл ажиллагаа
өргөн хүрээтэй болсон юм. Тэгвэл Баруунтуруун сумын хувьд 1993 оноос хойш 26
жилийн дараа Увс аймаг хамгийн өндөр ургац авахад газар тариалангийн гол бүс
нутаг болох тус сумынхан хамгийн их нөлөө үзүүлсэн байна.