Увс аймгийн анхны “Улсын аварга фермер”-ийн шагналыг гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Тус аймгаас түүхэндээ анх удаа энэ жил “Монгол Улсын Аварга Фермер” төрсөн нь Улаангом сумын 8-р багийн фермер Т.Алтангэрэл юм. Түүний шагналыг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар аймгийн удирдлагуудтай хамт өчигдөр гардууллаа.
Т.Алтангэрэл нь эхнэр, гурван хүүхэдтэй. 1993-2008 он хүртэл 15 жил мал маллажээ. Тэрээр 2008 эхлэн фермерийн аж ахуйн эрхэлж эхэлжээ. Сүүлийн жилүүдэд 93-154 толгой үхэр тоолуулж, 100 хувиар төл бойжуулан үхэр сүргээ өсгөж, сүрэгт эзлэх хээлтэгч үнээг 35 хувьд хүргэж хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироог бүрэн хангасан байна. Мөн үхрийнхээ үүлдэр угсаа, чанар сайжруулах тал дээр анхаарч төвийн бүсээс симменталь үүлдрийн бух худалдан авч хээлтүүлгэнд ашигласнаас гадна симментал үүлдрийн бухны гүн хөлдөөсөн үрээр үнээнүүддээ зохиомол хээлтүүлэг хийдэг ажээ. Түүнчлэн хадлангийн, сүү саах, цөцгий цохих, боловсруулах тоног төхөөрөмж, сүү хөргөх, хөлдөөх зоорь зэргээр фермээ бүрэн тоноглосон нь Улсын аварга цол хүртэхэд хүргэжээ.
Эдний ферм 120 үнээний дулаан байр, 110 сувай үхрийн байртайгаас гадна мөн худаг гагргажээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд гурван өрхийг туслах малчнаар авч 15 толгой тугалтай үхрээр малжуулж, амьжиргааг нь дэмжжээ. Мөн аймгийн Улаан загалмайн хороо, багийн өдөрлөг, сургууль, цэцэрлэгт хандив, тусламж харамжгүй үзүүлдэг байна. Т.Алтангэрэлийнх дээхнэ үед байсан Довны фермд аж ахуйгаа эрхэлдэг бөгөөд Улаангом руу өдөртөө тонн сүү оруулж борлуулдаг төдийгүй зарим сумын сургууль, цэцэрлэгүүд хүртэл эднийхээс сүүг авдаг ажээ.
Фермерийн
онцлог нь үнээнүүдээ заавал хавар төллүүлдэггүй, хээлтүүлгийг нь тохируулж
болдог учраас жилийн 4 улиралд сүү авдаг аж. Харин зунд нь бэлчээрээр малладаг байна.