УВС: Хамгийн их жинтэй байцаа 11 кг татжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны аравдугаар сарын 27
/МОНЦАМЭ/. Улаангом сумын Нэгдүгээр
багийн ногоочдын жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг ''Чандмань -2025'' ургацын
баяр өнгөрсөн баасан гарагт боллоо.
Энэ үеэр тус багийн ногоочид намрын ургац хураалтаар хамгийн их жин
татсан хүнсний ногоонууд болон өөрсдийн гараар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнээрээ
үзэсгэлэн гаргасан юм. Мөн ногоочдын дунд бөхийн барилдаан, хөгжөөнт
тэмцээн, нийтийн бүжиг зэргийг явуулж, ургацын баяраа тэмдэглэлээ.
Улаангом сумын Нэгдүгээр багийн ногоочид аймгийн төвийн төмс, хүнсний ногооны
зах зээлийн 70 гаруй хувь, Монгол улсын лууван, манжингийн үрийн 90-ээс дээш
хувийг бүрдүүлдэг. Мөн жимс жимсгэнэ, төмс, хүнсний ногоо, өвс хадлан
зэргийг тариалахаас гадна мал аж ахуйг голлон эрхэлдэг өөрсдийн гэсэн давуу
талтай баг юм.
“Улаангом сумын Нэгдүгээр багийн ногоочид дөрвөн галд хуваагдаж, өнөөдөр ургацын
баяраа тэмдэглэж байна. Манайх “Нэгдэл дундын үйлдвэр” гал. Манай галын
ногоочдын тариалсан ургацаас хамгийн их жинтэй байцаа 11 кг, манжин 10 кг, хулуу
7 кг, лууван 2 кг, төмс 1 кг, хүрэн манжин 1 кг, сонгино 300 гр жинтэй гарсан. “Нэгдэл
дундын үйлдвэр” галд маань 10 гаруй ногоочин бий. Бид жил бүр ургацын баяраа
тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жилийнх илүү их өргөн цар хүрээтэй болж байна.
Би өөрөө дөрөв дэх үеийн тариаланч. Энэ жил 3 га өнгөрүү газарт төмс, хүнсний ногоо, үр, чацаргана тариалсан. Одоогоор 60 гаруй тн ургац хурааж аваад байна. Жимсээ түүгээгүй байгаа, 12 дугаар сард чацарганаа хураана” хэмээн Улаангом сумын ногоочин, аймгийн аварга тариаланч Ө.Батсүх ярилаа.

Ulaanbaatar