Үндэсний бичгийн дугуйлан ажиллаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий
сумын ерөнхий боловсролын тавдугаар бүрэн дунд сургуульд энэ сараас Үндэсний
бичгийн дугуйлан ажиллаж эхэлжээ.
Тус сургуулийн монгол, хэл, уран зохиолын багш Х.Салтанатын удирдлага доор үйл ажиллагаа явуулах дугуйланд одоогоор долдугаар ангийн зургаан бүлгээс 45 хүүхэд хичээллэж байна. Дугуйлангийн хүүхдүүд Үндэсний мэдээллийн "МОНЦАМЭ" агентлагаас эрхлэн гаргадаг "Хүмүүн бичиг" сониныг бүгд захиалж, үндэсний бичгээр унших, бичих чадвараа дээшлүүлэхэд ашиглаж байгаа аж.
Тус аймгийн хүүхдүүдийн хувьд элсэлтийн ерөнхий
шалгалтын дүнгээр монгол хэл, монгол бичгийн хичээлээр улсад хамгийн сүүлийн байрт
явж байгаа юм. Тийм учраас хүүхдүүдийн төрийн албан ёсны хэл, үндэсний бичгийн мэдлэгийг
сайжруулах нь бидний гол зорилго гэдгийг Х.Салтанат багш онцолж байна.
Сануулж хэлэхэд, Х.Салтанат багшийн шавь Ж.Саяжан өнгөрсөн
жил Хүүхдийн төв номын сангаас Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Үндэсний
бичиг соёл” тэргүүний уншигч шалгаруулах
улсын XIII уралдаанд тэргүүн байр эзэлж байсан юм.