П.Батсуурь: Эрс тэс уур амьсгалтай Тэс нутагт мал маллах амаргүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. “Улсын аварга малчин”-аар шалгарсан Тэс сумын
Нуур багийн малчин Пүрэвийн Батсуурьт аймгийн засаг дарга
Д.Батсайхан болон сумын удирдлагууд шагналыг нь
өчигдөр гардуулан
өгч хүндэтгэл үзүүллээ.
П.Батсуурь
нь 1977-1980 онд “Лениний
зам”
нэгдэлд хоньчноор ажиллаж, 1983-1989 он хүртэл Цагдаагийн байгууллагад цагдаа,
1989-2000 онд хилийн цэрэгт заставын орлогч дарга, хилийн харуулын даргын ажлыг
тус тус хийж байжээ. 2000 оноос одоог
хүртэл хувийн мал маллаж, малаа дөрвөн төрлөөр нь өсгөн
оны эхний хээлтэгчээс сүүлийн 3 жил дараалан 100 хувиар төл
бойжуулан нийт малд хээлтэгч малын эзлэх хувийн жинг бодод 41 хувь,
богт
56 хувьд хүргэж , малынхаа үүлдэр угсааг Тэс омгийн адуу, Баяд
үүлдрийн хонь, Өлгийн улаан омгийн ямаагаар сайжруулсан
амжилтаар ийнхүү “Монгол Улсын аварга малчин” хэмээх хүндтэй шагналын эзэн
болжээ.
“Малчин бид байгалийн ямар ч бэрхшээлийн өмнө бэлэн байдаг. Ажлын цаг гэж байхгүй, жилийн дөрвөн улирлын турш л мал сүргээ хариулж тарга тэвээрэг авахуулахын төлөө явдаг. Манай Тэс сумын хувьд Увс нуурын хөвөөнд оршдог болохоор өвөлдөө хөрсөн дээрээ -50 градус давж хүйтэрдэг, зундаа нэмэх 40 градусаас дээш халдаг эрс тэс цаг агаартай нутаг. Естой л тэсч үлдсэн нь л амьдардаг Тэс нутаг даа. Байгалийн ийм эрс тэс нөхцөлд мал маллах амаргүй ч өвөг дээдсээс өвлөж ирсэн арга туршлага, уйгагүй ажилсаг хөдөлмөрч, хичээл зүтгэлийнхээ хүчээр л Тэс нутгийн малчид маань ажиллаж амьдарсаар ирсэн” хэмээн Монгол Улсын аварга малчин Тэс сумын Нуур багийн малчин П.Батсуурийн ярилаа.
С.Ганболд: Бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд бэрх цаг үе ирж байна
“Монгол Улсын аварга малчин”-аар шалгарсан Сагил сумын Үүрэг нуур багийн малчин Сүрэнжавын Ганболдод аймгийн удирдлагууд өнөөдөр шагналыг нь гардуулан өглөө. С.Ганболд нь жил бүр 10-15 тн хадлан, 1-1,5 тн хужир давс, 200 кг гар тэжээл бэлтгэн өвөл хаврыг өнөтэй давж иржээ. Малынхаа чанарт байнга анхаарч баяд омгийн илүү нугаламтай хуц, Өлгийн улаан ухнаар сайжруулан нэг малаас авах ашиг шимийг жилээс жилд нэмэгдүүлсэн байна. Улирлын чанартай 2-3 малчныг туслахаар авч сар бүр 350 мянган төгрөгөөр цалинжуулснаас гадна амьжиргааг нь дэмжих зорилгоор 200 гаруй бог мал өгч малжуулжээ. Тэрчлэн аймаг, сум багаас зохион байгуулж байгаа аливаа арга хэмжээ, тэмдэглэлт ойд оролцож санхүүгийн дэмжлэг үзүүлж ирсэн нийгмийн идэвхи сайтай шилдэг малчдын нэг байна.
“Малын цагаан буяныг аль болох бусадтай хуваалцахыг хүсдэг. Энэ ч үүднээс аливаа хандив тусламжаас гар татдаггүй ээ. Хэдийгээр бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд бэрх цаг үе ирж байгаа ч гэсэн байгаль цаг ууртайгаа дасан зохицоод мал аж ахуйгаа эрхлэхээс аргагүй болж байна” хэмээн “Монгол Улсын аварга малчин”-аар шалгарсан Сагил сумын Үүрэг нуур багийн малчин С.Ганболд ярилаа.