С.Ганболд: Бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд бэрх цаг үе ирж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. “Монгол Улсын аварга малчин”-аар шалгарсан Сагил сумын Үүрэг нуур багийн малчин Сүрэнжавын Ганболдод аймгийн удирдлагууд өчигдөр шагналыг нь гардуулан өглөө. С.Ганболд нь жил бүр 10-15 тн хадлан, 1-1,5 тн хужир давс, 200 кг гар тэжээл бэлтгэн өвөл хаврыг өнөтэй давж иржээ.
Малынхаа чанарт
байнга анхаарч баяд омгийн илүү нугаламтай хуц, өлгийн
улаан ухнаар сайжруулан нэг малаас авах ашиг шимийг жилээс жилд нэмэгдүүлсэн байна. Улирлын чанартай 2-3 малчныг
туслахаар авч сар бүр 350 мянган төгрөгөөр цалинжуулснаас гадна амьжиргааг нь дэмжих зорилгоор 200
гаруй бог
мал өгч малжуулжээ. Тэрчлэн аймаг, сум багаас зохион
байгуулж байгаа аливаа арга хэмжээ, тэмдэглэлт ойд
оролцож санхүүгийн дэмжлэг үзүүлж ирсэн нийгмийн идэвх сайтай
шилдэг малчдын нэг байна.
“Малын цагаан буяныг аль
болох бусадтай хуваалцахыг хүсдэг. Энэ ч үүднээс аливаа хандив тусламжаас гар
татдаггүй ээ. Хэдийгээр бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд бэрх цаг үе ирж байгаа
ч гэсэн байгаль цаг ууртайгаа дасан зохицож мал аж ахуйгаа эрхлэхээс аргагүй
болж байна” хэмээн Монгол Улсын аварга малчин С.Ганболд ярилаа.