"Зудын эрсдлээс урьдчилан сэргийлэх” төсөлд 633 өрх хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-02-01 11:05:44

Увс /МОНЦАМЭ/. Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагаас “Зудын эрсдлээс урьдчилан сэргийлэх” төсөл тус аймагт амжилттай хэрэгжсэн байна. Зудад өртөх магадлал ихтэй малчин өрхүүдийн амьжиргааг хамгаалах зорилготой энэхүү төсөлд Увс аймгийн 5 сумын 633 өрх хамрагджээ.

Төсөлд Малчин сумаас 93, Наранбулаг сумаас 120, Өмнөговь сумаас 184, Тариалан сумаас 143, Түргэн сумаас 89 өрх хамрагдаж, тус бүр 145 мянган төгрөгийн мөнгөн тусламж бэлнээр, 150 кг малын тэжээл авчээ. Үүнд нийтдээ 130 гаруй сая төгрөг зарцуулсан байна.

Энэхүү төсөлд хонин толгойд шилжүүлснээр 200-гаас доош толгой малтай малчин өрхүүдийг хамруулсан бөгөөд өрхийн орлого багатай, насанд хүрээгүй болон их дээд сургуульд суралцаж байгаа оюутны тоо, өрх толгойлсон малчин өрх, өрхөд жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэй, Хөгжлийн бэрхшээлтэй болон эмнэлгийн байнгын хяналтад байдаг хүнд өвчтэй хүн байгаа эсэх зэрэг үзүүлэлтийг тус тус харгалзан үзэж олгосон байна.

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон холбогдох байгууллагын удирдлагууд төслийн зохицуулагч нартай өчигдөр уулзаж, малчин өрхийн амьжиргааг хамгаалах төсөл хэрэгжүүлэн тусламж үзүүлж байгаа явдалд талархаж байгаагаа илэрхийлжээ.

Связанные новости