Аймгийн аварга малчин Ч.Баярсайхан: Сургууль, цэцэрлэгүүдэд сүү, цагаан идээгээ нийлүүлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-01-31 21:30:01
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/  Шороон нохой жилд мал сүргээ өсгөн үржүүлж, Монгол Улсын нийгэм, эдийн засагт үнэтэй хувь нэмрээ оруулсан малчдыг аймгийн аварга малчнаар шагналаа. Сар шинийн босгон дээр Орхон аймгаас “Аймгийн аварга малчин” хоёр тодорчээ.

20 гаруй жил мал маллан сүү, цагаан идээгээ уламжлалт аргаар боловсруулж Орхон, Булган аймгийн иргэдийг эрүүл хүнсээр хангаж, мал сүргээ тогтвортой өсгөн үржүүлж байгаа Ч.Баярсайханыг “Аймгийн аварга малчин” цол хүртээсэн юм.  Тэрээр 2016-2018 онд 492-738 толгой мал маллаж, малаа хорогдолгүй онд оруулж, жилд нийт төллөх эх малаас 85 хувиас доошгүй төл хүлээн авч, зах зээлд 50-65 толгой мал, үржилд 25-42 толгой мал худалдан борлуулсан байна. Мөн гурван өрхөд 25-42 толгой мал өгч ажлын байрыг дэмжжээ.

“Аймгийн аварга малчин” Ч.Баярсайхан хэлэхдээ, “Жилд дунджаар 10-12 мянган литр сүү боловсруулж өрөм, ааруул, ээзгий, аарц, тараг зэрэг цагаан идээ үйлдвэрлэн сургууль, цэцэрлэгүүдэд гэрээгээр нийлүүлдэг”  гэсэн юм.  

Ч.Баярсайханых өвөлжилтийн бэлтгэлээ өөрсдийн хүчээр бэлтгэж, жил бүр 32-36 тонн байгалийн хадлан, хүчит тэжээл 3 тонн, халгайн дарш 1-2 тонн, хужир 2 тонныг бэлтгэн нөөцөлж хэвшсэн байна. 


Мөн Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Л.Энхжаргалыг XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн “Аймгийн аварга малчин”-аар шалгаруулсан бөгөөд Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү нар шагналыг гардуулан өглөө.  Тэрээр газар тариалан, мал аж ахуйн салбарт 34 жил ажиллаж байгаа юм. 2016-2018 онд 250-317 толгой мал хариуцан маллаж, малаа хорогдолгүй онд оруулан, жилд нийт төллөх эх малаас 85-аас доошгүй хувиар төл хүлээн авч, зах зээлд 60-120 толгой мал, үржилд 15-20 толгой мал худалдан борлуулсан байна.

 

Связанные новости