Японы Хүүхдийг ивээх сангаас Онцгой комиссын гишүүдэд сургалт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-01-31 23:10:03

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Японы Хүүхдийг ивээх сангаас Баян-Өлгий аймагт “Үерт өртсөн орон нутгийн гэр бүл, хүүхдэд боловсрол, нийгэм сэтгэл зүйн тусламж үзүүлэх” төслийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын газартай хамтран өнгөрсөн оны 11 дүгээр сараас хэрэгжүүлж байгаа билээ. Энэ төслийн хүрээнд аймгийн болон Өлгий сумын Онцгой комиссын гишүүд, холбогдох мэргэжилтэн, албан тушаалтнуудад “Гамшгийн бэлэн байдлыг дээшлүүлэх нь” сэдэвт сургалтыг энэ сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтын явцад орон нутгийн гамшгийн эрсдэлийн болон инженерийн байгууламж, дэд бүтцийн одоогийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд, Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж,  бодлогын шинэчлэл, гамшгаас хамгаалах аймгийн төлөвлөгөөг тодотгож гамшгийн бэлэн байдлаа дээшлүүлэх талаар мэдээлэл өгсөн байна.

Мөн орон нутагт үерийн гамшгийн эрсдэлийг мэдээлэх, гамшгийн үеийн хүүхэд хамгаалал ба хариу арга хэмжээ авах арга замуудыг зааж, “Үер” цагийн байдал дээр штабын дадлага сургуулилт хийлээ.

        Дашрамд хэлэхэд, дээрх төслийн хүрээнд үерийн гамшигт өртсөн айл өрхүүдийн хүүхдүүдэд сэтгэл зүйн анхан шатны тусламж үзүүлэх 20 хүнийг сургагч багшаар бэлтгэж, хүүхдийн боловсролын хэрэгцээг дэмжих нөхцөлтэйгөөр 365 өрхийн 675 хүүхдэд нийтдээ 140 сая орчим төгрөгийн бэлэн мөнгөний тусламж үзүүлэх ажлууд хийгдээд байгаа ажээ.


Связанные новости