Түргэн сум аюулгүйн нөөц дахь өвс, тэжээлээ тараагаад дуусч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-02-13 22:16:32

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн онцгой комиссын гишүүн, ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Б.Бат-Ерөөлтөөр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 12-нд Түргэн суманд ажиллаад ирлээ. 

Тус сумын хувьд 2225 мянган га талбай нутаг дэвсгэрт 143 мянган мал өвөлжиж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сумын аюулгүйн нөөцөд 1600 боодол өвс бэлтгэснээс 1200 боодол өвсийг малчдад тараагаад байна. 

Тэрчлэн өнгөрсөн оны үлдэгдэл 12 тонн тэжээлийг 1-р сарын эх хүртэл малчдад тарааж дуусчээ. 


Сумын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт бага, хүн малын халдварт өвчлөл байхгүй. Жирэмсэн эхчүүд байнгын хяналтад байгаа ба хаагдсан зам даваа байхгүй. Өнгөрсөн зун зуншлага муу байсан тул ихэнх нутгаар малын бэлчээр муу, отор нүүдэл ихтэй, сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч цас орсны улмаас хаваржилт хүндэрч малын хорогдол ихсэж, өвс тэжээлийн хэрэгцээ шаардлага их байна” хэмээн Түргэн сумын Засаг дарга С.Буянжаргал хэллээ.

Ажлын хэсэг малчдын нөхцөл байдалтай биечлэн танилцаж, сумын өвс тэжээлийн нөөцийн бүрдүүлэлт, зарцуулсан байдалтай танилцан сумдын удирдлага онцгой комиссын дарга нарт үүрэг чиглэл өгч, алслагдсан баг, отор нүүдлээр явж байгаа малчдыг эргэж тойрох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд анхаарч цаг тухай бүр мэдээллийг хурдан шуурхай дамжуулж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.



Связанные новости