Б.Хундыз: Австри, Швейцар, Японд байнгын захиалагчтай болоод байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотод гар урлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэж 10-аад хүнийг ажлын байраар хангаж байгаа залуу бизнес эрхлэгч Бекболатын Хундызтай ярилцлаа.
- Баян-Өлгий аймагт гар урлал, бэлэг
дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг цөөн тооны хүмүүсийг нэг та шүү
дээ. Энэ бизнесээ эхлүүлээд хэдий хугацаа өнгөрч байна?
- Энэ ажлын хойноос найм дахь жилдээ явж байна. Улаанбаатар хотоос Өлгийд ирээд нэрийн дэлгүүрээ нээгээд зургаан жил боллоо.
- Та ямар мэргэжил эзэмшсэн вэ?
- МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг 2008 онд археологич мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсөөд, 2013 онд антропологийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Одоо докторантурт суралцаж байгаа. Антропологич мэргэжлийнхээ дагуу казахын ард түмний гэрийн тоноглол болох аравчийн гарал үүсэл, онцлог, эмэгтэйчүүдийн сэтгэлгээнд нөлөөлсөн байдал зэрэг асуудлуудыг судалдаг байсан. Дараа нь үүнийг бизнестэй холбож үндэсний онцлог бүхий гар урлалын бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлс үйлдвэрлэх бодол төрсөн. Оюутан байхдаа эсгийгээр янз бүрийн юм хийж, тэрийгээ Улаанбаатар хотын дэлгүүрүүдэд тавьж зардаг байлаа. Сургуулиа төгсөж ирээд дэлгүүрээ нээж энэ ажлын араас эргэлт буцалтгүй орсон доо.
- Магистрын зэрэг хамгаалаад, докторантурт суралцаж байгаа гэлээ. Мэдсэн, сурсан зүйлсээ ард түмэндээ зориулж мэргэжлээрээ ажиллая гэсэн бодол төрөөгүй юу?
- Мэдээж тийм бодол байлгүй яахав. Гэхдээ өнөө үед улс төр, танил төрлийн холбоо гээд ажилд орох хэцүү болсон шүү дээ. Хэд хэдэн газар очиж өргөдөл өгч үзсэн ч үр дүн гараагүй. Мэргэжил, мэдлэг харж ажилд авах ёстой байсан бол ажилд орох ёстой хэдхэн хүний нэг нь би л дээ /инээв/. Харамсалтай нь бүтээгүй. Тэгээд өөр өөртөө ажлын байр бий болгохоор шийдэж бизнесээ эхлүүлсэн. Одоо өөрөөсөө гадна 10-аад ажилчинтай болоод байна.
- Бүтээгдэхүүнээ өөрөө бас хийх үү?
-Эсгийн төрлийн зүйлсийг хоёр туслахтайгаа хамт өөрөө хийчихдэг. Хатгамлын бүтээгдэхүүнүүдийг оёдолчид хийдэг юм.
- Одоо ямар төрлийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байна?
- Манай бүтээгдэхүүнүүдийг эсгийн төрлийн болон хатгамлын гэж хоёр ангилж үзэж болно. Төрөл бүрийн цүнх, дэрний уут, гал тогооны бээлий, түрийвч, гоо сайхны бүтээгдэхүүний уут, түлхүүрийн оосор, малгай, ороолт, хантааз, гэрийн чимэглэл, энгэрийн зүүлт, тоглоом, бэлэг дурсгалын зүйлс гээд олон тооны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Сүүлийн үед эсгийгээр гадуур хувцас буюу пальто хийж байна. Манай аймагт ирдэг жуулчид юуг сонирхож байна гэдэгт судалгаа хийж, нийлүүлэлтийг хангахыг зорьдог.
- Манайд ирсэн жуулчид ямар бүтээгдэхүүнүүдийг сонирхож худалдаж авдаг вэ?
- Баян-Өлгий аймагт ирдэг гадаадын жуулчид голдуу казах түмний амьдрал ахуй, зан заншил, соёлтой танилцах зорилгоор ирж байгаа шүү дээ. Тийм учраас казах айлуудаас үзэж харсан зүйлсээ ихээр худалдаж авдаг. Мөн казахын ард түмний үндэсний хээ угалзаар чимэглэсэн цүнх, гоёл чимэглэлийн зүйлс, тоглоомуудыг сонирхдог. Ер нь хүмүүсийн сонголт янз бүр байдаг л даа.
- Ажилчдаа яаж цалинжуулж байна?
- Сар болгон тогтмол цалин олгох орчин одоохондоо бүрдэхгүй байна. Хийснээр нь хөлс олгодог. Яагаад тэгдэг вэ гэвэл, миний бизнес улирлын чанартай. Тавдугаар сарын сүүлээс 11 дүгээр сар хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Бусад хугацаанд зогсонги байдалтай байдаг. Гэхдээ ажилчдад жилийн турш олгосон хөлсийг 12 сард хувааж үзэхэд сар бүр 300-400 мянга орчим төгрөг ногдож байдаг.
- Зах зээлээ яаж олж байна?
- Манай бүтээгдэхүүнүүдийг худалдаж авдаг хүмүүсийн 70 хувь нь гадаадын жуулчид байдаг. Үлдсэн хэсгийг дотоодын зах зээлд борлуулдаг. Сүүлийн үед иргэд бэлгэнд өгөхөөр ихээр худалдаж авч байгаа. Энэ хандлага жил бүр нэмэгдээд байгаа.
- Та дээр 10-аад хүнд ажлын хөлс өгч ажиллуулж байна гэж хэллээ. Эдгээр хүмүүсийг тогтмол цалинтай болгохын тулд танд ямар дэмжлэг хэрэгтэй вэ?
- Дэмжлэг маш их хэрэгтэй байгаа. Орон байрны асуудал байна. Над шиг түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг гарааны бизнес эрхэлж байгаа залуучуудад энэ төрлийн дэмжлэг маш шаардлагатай байдаг. Хэрвээ боломжтой бол ажилчдаа бүгдийг нь нэг доор суулгаад бүтээгдэхүүнээ үйлчлүүлэгчдийн нүдэн дээр хийх, гар урлалын бүтээгдэхүүний супермаркет нээх бодол байна. Бид бүх бүтээгдэхүүнээ гараар хийдэг. Гартаа байгаа хэдэн төхөөрөмж маань жижигдээд шаардлага хангахгүй байгаа. Уг нь захиалга маш их байдаг. Тоног төхөөрөмжтэй болчихвол бүтээгдэхүүний чанар сайжирч, үйлдвэрлэлийн хүчин чадал эрс нэмэгдэх, энэ хэмжээгээр ажилчдын орлого өсөх боломжтой юм. Зээл авах гэхээр барьцаа хөрөнгө шаарддаг. Надад барьцаанд тавих зүйл байхгүй шүү дээ. Төр засгаас энэ мэт асуудлуудад анхаарч, дэмжээд өгөөсэй гэж хүсдэг.
- Манай аймгийн гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг зарим иргэн, аж ахуйн нэгжүүд хийсэн юмаа бага хэмжээгээр ч гэсэн экспортод гаргаад байгаа. Таны хувьд бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байсан уу?
- Надаас тогтмол бүтээгдэхүүн худалдаж авдаг гадаадын хүмүүс байна. Австри, Швейцар, Японд байнгын захиалагчтай болоод байгаа. Эдгээр хүмүүс цаашаагаа бас дамжуулан зардаг юм шиг байна лээ.
- Эдгээр улсуудад хэр хэмжээний бүтээгдэхүүн гаргаж байгаа вэ?
- Сард нэгээс гурван сая хүртэл төгрөгийн захиалга авчихдаг. Үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж чадвал үүнээс ч өсөх боломж харагдаад байгаа. Цаашид энэний төлөө зүтгэнэ гэж бодож байна.
- Өөрийнхөө бизнесээ олж, тэрийгээ амжилттай авч яваа залуу хүний хувьд үе тэнгийн залуучуудад хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
- Намайг энэ ажлыг эхлүүлж "байхад чи хоёр гурван их сургууль төгсчхөөд оёдолчин хийгээд байх уу" гэж хүмүүс хэлж байсан. Гэхдээ төрийн албанд орно гэж зүгээр суугаад байж болохгүй шүү дээ. Өнөө үед залуучуудад маш их боломж байна. Тийм учраас залуу насны эрч хүч, боломжоо тултал нь ашиглаасай гэж хүсэж байна.
- Баярлалаа!