Амралтын хугацааг сунгаснаас 11 өдрийн хичээл тасарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Аймгийн БСУГ-аас сургууль, цэцэрлэгүүдийн ирц хэвийн хангалттай сайн байна гэж мэдээллээ. Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байснаас өнгөрсөн 1-р сард ЕБС-иудын хичээлийн амралтын хугацааг сунгаж, энэ сарын 11-ээс эхлүүлсэн билээ. Ингэснээр аймгийн хэмжээнд нийтдээ 11 өдрийн хичээл тасарсан байна.
Аймгийн БСУГ-аас зургаан өдрийн хичээлийг хагас сайн өдөр хичээллэн нөхөж, таван өдрийн хичээлийг агуулгаар нөхөх шийдвэр гарган ажиллаж байна.
"Аймгийн хэмжээнд энэ жил томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байсан тул өнгөрсөн 12-р сарын 21-ээс энэ сарын 11 хүртэл ЕБС-иудын хичээлийн амралт үргэлжилсэн. Одоо энэ хичээлийн жилдээ амжаад хоцорсон хичээлүүдийг нөхөх болно" хэмээн аймгийн БСУГ-ын мэргэжилтэн И.Ганболд хэллээ.