Үхрийн махны зах зээлд хамтран ажиллах талаар захидал ирүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-02-20 14:58:47

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Д.Батсайханд Халимаг улсын Малын үржлийн үндэсний холбооны ерөнхий захирал Ф.К.Каюмов албан захидал ирүүлсэн байна.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Халимаг улсаас ОХУ-ын Төрийн Думд сонгогдсон гишүүн Батор Канурович Адучиевын урилгаар Москвад айлчлал хийгээд ирсэн юм. Энэ үеэр ОХУ-ын Төрийн думын Хөдөө аж ахуйн байнгын хороон дээр уулзалт хийсэн бөгөөд тус уулзалтаар Европт ОХУ-ын хамгийн шилдэг сайжруулагч малаар шалгарсан Халимаг үүлдрийн үхрийг сайжруулагчаар ашиглан үржлийн малыг Увс аймагт нийлүүлэх тал дээр ярилцаж, хамтран ажиллах асуудлыг хэлэлцсэн байна. Энэ ажлын эхлэл болж ийнхүү Халимаг улсын Малын үржлийн үндэсний холбооны ерөнхий захирал Ф.К.Каюмов захидал илгээснийг аймгийн Засаг дарга хүлээн авсан байна.

Тус захидалд, “Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан танаа: Дэлхийн зах зээлд дээр чанартай хүнсний бүтээгдэхүүнийг эрэлхийлэх хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага байнга өсөн нэмэгдэж байгаа нь ОХУ ба Монгол Улсын эдийн засагт нэмэлт боломжуудыг бий болгож байна. Ялангуяа энэ нь манай хоёр улсын ард түмний сайн сайхан амьдрах уламжлалт гол эх үүсвэр болсон газарзүйн болон уур амьсгалын нөхцөлд дасан зохицсон мал аж ахуйн цогц бүтээгдэхүүний хувьд ихээхэн чухал юм. Орчин үед үхрийн махны зах зээл 236 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар үхрийн махны зах зээл ойрын 20 жилд 310 тэрбум ам.долларт хүрч өсөх хандлагатай байгаа бөгөөд энэ нь манай хоёр улсын хувьд хөгжих боломжтой салбар юм.

Бид Монгол Улсын нутаг дэвсгэрт Орос-Монголын хамтарсан хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хамтарсан цогцолбор барих төслийг боловсруулан хэрэгжүүлэх бизнесийн гол түншийг хайж олохыг сонирхож байна. Энэ нь 

-Монгол малыг халимаг үүлдрийн үхрийн генетик нөөцийг ашиглан бүтээмжийг дээшлүүлэх, орчин үеийн бүтээмж өндөртэй технологи гаргах

-Үхрийн цэвэр үүлдрийн үр хөврөл суулгах болон зохиомол хээлтүүлэг хийх ажилд орон нутгийн фермерүүдэд дэмжлэг үзүүлэх

-Тэжээлийн бааз суурийг хөгжүүлэх ба орчин үеийн тэжээлийн цогцолбор болон мах боловсруулах үйлдвэр барих

-Фермерийн малд мал эмнэлэг, оношлогооны өндөр чанартай үйлчилгээ үзүүлэх

-Монголын махан бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах

-1500 гаруй ажлын байр бий болгох зэрэг зорилготой юм.

Энэхүү төслийг хэрэгжүүлэх нь Монголд өндөр бүтээмжтэй үржлийн үхрийн тоо толгойг 2025 он гэхэд 1 саяд хүргэх боломжийг бүрдүүлэх бөгөөд үүний үр дүнд үндэсний орчин үеийн мал аж ахуй хөгжих үндэс болох ба дэлхийн зах зээл дээр махан бүтээгдэхүүнээс олох орлогыг жилд 450,0 сая ам.доллар болгох боломжтой. Хөрөнгө оруулалтын хэмжээ 600,0 сая ам.доллар байж болно.

Дээр өгүүлсэнтэй холбогдуулан Таныг Монголын талаас дэмжлэг үзүүлэх бизнесийн түнш олоход бидэнд туслалцаа үзүүлэхийг хүсье. Таныг ойлгож хамтран ажиллана гэдэгт найдаж байна. Хүндэтгэсэн: Халимаг малын үржлийн үндэсний холбооны Ерөнхий захирал Ф.К.Каюмов” гэжээ.

Связанные новости