Ө.Энхтүвшин:Хөрөнгө оруулалтуудыг маш сайн уялдуулж өгөөгүйгээс үр дүн гарахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-02-27 11:26:42

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин энэ сарын 26-ны өдөр  Сэлэнгэ аймагт ажиллалаа. Шадар сайд энэ өдөр Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад хэд хэдэн зорилготой ажиллажээ. Юуны өмнө Алтанбулаг сумын Чөлөөт бүсийн ажил байдалтай танилцахын зэрэгцээ хаваржилтын байдлыг өөрийн биеэр үзэж сонирхохоор иржээ. Энэ жилийн нэг онцлог нь ихэнх нутгаар хуурайшилттай байгаагаас ой хээрийн түймэр гарах эрсдэл маш өндөр байгаа юм. Иймд үүнээс урьдчилан сэргийлэх талаар бэлтгэл бэлэн байдлыг хангах ажлыг орон нутаг хэрхэн хийж байгаатай ч газар дээр нь танилцах зорилготой гэдгээ тэрээр хэлсэн юм. Ингээд  Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшинтэй хийсэн ярилцлагаа хүргэе.

-Сая та Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцлаа. Холбогдох хүмүүсийн мэдээллийг ч сонслоо. Таны хувьд цаашид чухам юуг онцолж хиймээр санагдав. Энэ олон жил чөлөөт бүсийн үйл ажиллагаа урагш ахихгүй зогсонги байж ирсний учир юунд байв аа?

-За та бүхний амгаланг айлтгая. Өнөөдөр Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагаатай, энд ажиллаж байгаа төрийн байгууллага, иргэд, бас хөрөнгө оруулчихсан компаниудын удирдлагуудтай уулзлаа. Ер нь чөлөөт бүсийн тухай шийдвэр 1995 онд гарснаас хойш 24 жил өнгөрч байгаа. Ажил их удаан, маш амаргүй явж байгаа. Гэхдээ энд их олон шалтгаан нөлөөлсөн. Чөлөөт бүс гэдгийг ойлгох талаар ч гэсэн манай хууль тогтоогчдод өөр өөр бодол байдаг. Энэ чөлөөт бүсийн асуудлыг их олон газар өөр өөр тийш нь шилжүүлсэн. Нэг болохоор шадар сайд, нөгөө талаар тэргүүн шадар сайд, эсвэл худалдаа үйлдвэрлэлийн яам, эсвэл үйлдвэр худалдааны яам, эсвэл эдийн засгийн хөгжлийн яам гээд . . . шилжүүлээд яваад байсантай холбоотой. Тэгээд газар дээр нь үзээд бол нэлээд их ажил хийх шаардлагатай байгаа юм байна гэж бодлоо.

-Энд нэн түрүүнд ямар ажлууд хийгдэхээр байгааг та олж харав?

-Юуны түрүүнд энд цахилгааны асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй юм байна. 2019 оны төсөв батлагдсан. Иймээс 2020 оны төсөвт ярих хэрэгтэй. Хоёрдугаарт хууль эрх зүйн талаас нэг мөр болгох асуудлууд байна. Тухайлбал хүнсний хуультай холбоотой, гаалийн тухай хуультай холбоотой зүйлүүд байна. Тэр хуулиудад өөр өөр заалтууд байгаа. Тэд нар нь хоорондоо уялдаж чадахгүй байгаагаас үүдээд төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулахад их хүнд байгаа юм байна. Жишээ нь эндээс хүнсний бүтээгдэхүүн худалдан аваад гарья гэхэд иргэн хүнд хамаатай юм уу, эсвэл аж ахуйн нэгжид хамаатай юм уу гээд. Иймээс хуульд ийм зөрчилтэй  байна гээд үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. Иймээс энэ асуудлыг нэг мөр болгож өгье гэж бодож байна.   

-Иргэдийн ярианаас ч тэр, үг хэлж байгаа хүмүүсийн ярианаас ч тэр сонсож байхад мэдээлэл маш дутмаг. Бас төр, хувийн хэвшлийн байгууллага хоорондын уялдаа холбоо маш муу байна гэж шүүмжиллээ. Таны хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Тиймээ. Надад төрсөн бас нэг бодол бол ер нь үйл ажиллагааг сайн уялдуулж өгөх шаардлагатай юм байна гэж. Засгийн газар, орон нутгийн удирдлагууд, аймаг, сумын удирдлагууд. Тэгээд энд хөрөнгө оруулалт хийж байгаа хувийн хэвшлийнхэн, олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөрийнхөн. Эдний үйл ажиллагааг маш сайн уялдуулж, зангидаж өгөхгүй  бол өөр өөр тийшээ, чиг чигээ харсан салангид үйл ажиллагаа явуулж байгаагаас ажлын үр дүн харагдахгүй байна. Энэ дээр анхаарах хэрэгтэй юм байна гэж бодлоо. Бас нэг бодогдсон зүйл бол хөрөнгө оруулалтыг хийхдээ их сайн бодож төлөвлөөгүйгээс болж, нэг баахан мөнгө төгрөг зарцуулчихдаг, тэр нь цаашаа ашиглагдахгүй, үхмэл хөрөнгө болчихдог. Энэ байдал Алтанбулаг чөлөөт бүс дээр ч байна. Тухайлбал 264 сая төгрөг зарцуулан барилга барьж эхэлсэн . Гэтэл түүнээс хойш хойш хөрөнгө оруулалт хийгдээгүй. Одоо энэ боссон карказ төмрийг ашиглах боломжгүй болсон. Иймээс үүнийг түргэн нураах тухай ярьж байна. Энэ бол бидэнд маш том сургамж болж байна.

-Эцэст нь та өөрийн биеэр ирж чөлөөт бүсийн ажил байдалтай танилцлаа. Ямар дүгнэлтэнд хүрэв. Та бас Азийн хөгжлийн банкны төслийн багийнхантай хамт яваа юм байна?

-Өнөөдөр надад итгэл төрж байгаа нэг зүйл бол Азийн хөгжлийн банкнаас энэ оноос эхлээд нэлээд томоохон хөрөнгө оруулалт тухайлбал боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор том хөрөнгө оруулалт хийж байгаа юм байна. Нийтдээ 27 сая ам.долларын. Энд хийгдэх гэж байгаа барилга байгууламж, тавигдах гэж байгаа замын хөрөнгө оруулалтыг чөлөөт бүсийн хөрөнгө оруулалттай уялдуулах боломж бас нээгдэж байна. Энэ маш сайн. Жишээ нь энд 25 км цэвэр, бохир шугамын шуудуу татчихсан байна. Түүнийгээ одоо хүртэл ашиглаагүй байгаа гэнэ. Одоо үүнийгээ Азийн хөгжлийн банкны шугамаар хийгдэх тэр хөрөнгө оруулалттай уялдуулаад хийх боломжтой гэдгийг өнөөдөр төслийн багийн удирдагч хэллээ. Ийм байдлаар л энэ үйл ажиллагаагаа уялдуулах явдал өнгөрсөн жилүүдэд их сул байжээ, үүнийг хойшид анхаарахгүй бол болохгүй юм байна аа гэсэн дүгнэлт гарч байна даа. 




Связанные новости