СЭЛЭНГЭ: Хамтарсан баг 273 хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ хүргэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-11-10 15:36:55

Сүхбаатар, 2025 оны аравнэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл нь зөвхөн нэг өрхийн, нэг хүүхдийн асуудал бус нийгмийн аюулгүй байдал, хүнлэг нийгмийн үнэт зүйлд заналхийлж байдаг хүн төрөлхтний эсрэг зөрчил юм. Тиймээс олон талын хамтын ажиллагаатай байж, хамтдаа урьдчилан сэргийлэх нь нэн тэргүүний зорилт болоод байна.

 

Сүхбаатар суманд хойд бүсийн сумдын хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна.

 

Сургалтад сум, багийн Засаг дарга нар, төрийн албан хаагчид, багш нар оролцож байгаа бөгөөд энэ сарын 3-11-ний өдрүүдэд Хараа, Орхон, Бэлчир бүсэд бүсчилсэн хэлбэрээр явуулах юм.  

 

Энэхүү сургалтаар зөвхөн мэдлэг мэдээлэл олгох төдий бус, орон нутгийн түвшинд хүчирхийллийн нөхцөл байдлыг бодитоор ойлгож, хамтын ажиллагааны шинэ арга зам, сүлжээг бий болгох, хандлагын өөрчлөлтөд чиглэсэн чухал алхмыг олгож байгаа нь онцлогтой хэмээн зохион байгуулагчид онцоллоо.

 

2025 онд 17 сум, 6 тосгоны хэмжээнд 41 хамтарсан баг 323 гишүүнтэйгээр хүүхдийн эрхийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийн дагуу анхан шатны үйлчилгээг үзүүлжээ.

 

Мөн хамтарсан багаар дамжуулан 273 хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэсэн байна.

 

Сэлэнгэ аймгийн тухайд он гарсаар насанд хүрээгүй хүн хохирсон гэмт хэрэг аймгийн төв Сүхбаатар сумын 3-р багт 1, хулгайлах гэмт хэрэг Сайхан суманд 1, Хүдэр суманд 1, залилан, завших гэмт хэрэг Сүхбаатар сумын 7-р баг, Сайхан суманд тус тус 1 гарчээ. Бусад гэмт хэрэг 5 гарсан нь Ерөө, Мандал, Сайхан, Цагааннуур суманд бүртгэгдсэн байна.  

 

“Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах” сургалтыг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Дэлхийн Зөн Монгол Сэлэнгэ ОНХХ, “Галт шувуу” ТББ хамтран зохион байгуулж байна.

Связанные новости