"Алдарт эх"-ийн одонгийн материал хүлээн авч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-02-28 21:18:41

Увс /МОНЦАМЭ/. Жил бүрийн “Эх үрсийн баяр”-ын өдрөөр олгодог Алдарт эхийн 1, 2-р зэргийн одонгийн материалыг энэ сарын 25-аас эхлэн ирэх сарын 5 дугаар хүртэл хүлээж авахаар болсон байна.

Одонгийн материал бүрдүүлэхдээ эхийн иргэний үнэмлэхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Алдарт эхийн одонгоор шагнуулахыг хүссэн дэлгэрэнгүй өргөдөл, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээгээ үрэгдүүлсэн тохиолдолд иргэний бүртгэлийн лавлагаа, насанд хүрсэн хүүхдүүдийн иргэний цахим үнэмлэхний хуулбар, үнэмлэхээ үрэгдүүлсэн тохиолдолд Иргэний бүртгэлийн лавлагаа, нэг нас хүртэл өсгөөд гэнэтийн аюулаар эндсэн хүүхэдтэй бол нас барсан хүүхдийн төрсний болон нас баралтын лавлагаа зэргийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Бага хүүхдээ төрүүлээд бүтэн нэг нас хүрсний дараагаар Алдарт эхийн одонг авах эрх үүсдэг байна. Өөрөөр хэлбэл, энэ удаад 2018 оны 6 сарын 1-ээс өмнө төрсөн хүүхдүүд хамрагдах аж.

Тэрчлэн гурван нас хүрээгүй байхад нь үрчилж авсан хүүхдийн тоо дээрх төрүүлж өсгөсөн хүүхдийн тоонд орох бөгөөд хүнд хүүхдээ үрчлүүлсэн бол үрчлүүлсэн хүүхэд эхийн одон авах хүүхдийн тоонд орохгүй. Мөн хүүхдээ төрүүлж нэг нас хүртэл өсгөөд байгалийн гамшиг, үер усны гэнэтийн аюулаар хүүхдээ алдсан бол тухайн нас барсан хүүхэд эхийн одон авах хүүхдийн тоонд багатахаар хуульчилж өгсөн байна.

Связанные новости