Б.Съезхан: Баян-Өлгий аймгийн нийгмийн халамжийн сан 1,7 тэрбум төгрөгийн өртэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-02-28 22:05:52

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн зарим иргэд 2016 оноос хойш Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжээ бүрэн авч чадахгүй байгаа юм. Уг асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Сьезханаас зарим зүйлийг тодрууллаа.


 - Баян-Өлгий аймгийн зарим иргэд сүүлийн хэдэн жилд Нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэвэр, тэтгэмжээ бүрэн аваагүй байна. Халамжийн мөнгө ямар шалтгаанаар бүрэн олгогдохгүй байгааг тайлбарлаж өгөхгүй юу?

- 2013 оны нэгдүгээр сарын нэгнээс хүчин төгөлдөр болсон Төсвийн тухай хуулиар Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг орон нутгийн төсвөөс олгохоор хуульчилсан байдаг. Орон нутгийн төсвийн орлого бүрдэхгүй байх, хүрэлцэхгүй байх, халамж авах иргэдийн тоо өссөн зэргээс шалтгаалан дээрх хүндрэл үүсээд байгаа. Аймгийн ИТХ-аас 2016 оны төсвийг батлахдаа халамжийн сангийн санхүүжилтийг 500 сая төгрөгөөр,  2017 оны төсвийг 1,4 тэрбум төгрөгөөр тус тус дутуу баталсан. Гэхдээ 2017 оны төсвийг 600 сая төгрөгөөр дараа нь тодотгосон юм. 2018 онд тус сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн мөнгө нэмэгдсэнийг иргэд мэдэж байгаа. Гэвч тухайн онд улсын төсөвт тодотгол хийгээгүй тул санхүүжилт нь мөн шийдэгдээгүй. Эдгээр асуудлуудаас болж он дамжсан өр үүсч, иргэд мөнгөө бүрэн авч чадаагүй.

 - Нийгмийн халамжийн санд нийтдээ хэдэн төгрөгийн өр үүсээд байна?

 - Одоогийн байдлаар 1,7 тэрбум төгрөгийн өртэй явж байгаа. Энэ бол зөвхөн манай аймагт байгаа асуудал биш, Улаанбаатар хотод 3,4 тэрбум, улсын хэмжээнд 7,4 төгрөгийн өртэй байна.  

 - Асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр ажиллаж байна?

- Өнөөдөр уг асуудлаар аймгийн Засаг даргын санхүү, нийгмийн асуудал хариуцсан орлогчтой уулзаж ярилцсан. Мөн миний бие саяхан Улаанбаатар хотод ажиллаж ерөнхий газар, салбарын яамд асуудлыг танилцуулсан. Сангийн яам болон холбогдох бусад байгууллагуудад ч асуудал тавьж байгаа. Энэ ажил удахгүй шийдэгдэнэ.

 - Иргэд тэтгэвэр, тэтгэмжээ гартаа хэзээ бүрэн бүтэн авах вэ?

- Бид оны эхний улиралд багтаан шийдвэрлэхийг хичээсэн. Гэхдээ амжсангүй. Энэ онд багтаан олгоно гэж ойлгож болно. Дутуу мөнгийг иргдэд нэг доор олгох уу, сар сараар хувааж олгох уу гэдэг асуудал хараахан тодорхойгүй байна. Санхүүжилтийн асуудал шийдвэрлэгдсэний дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард иргэдэд мэдээлнэ.

 - Аймгийн хэмжээнд тэтгэвэр, тэтгэмжээ бүрэн авч чадахгүй хэдэн хүн байна?

- Мөнгөө авч чадахгүй байгаа хүмүүсийн бүх судалгааг гаргаад бэлэн болгосон байгаа. Одоогийн байдлаар 8000 гаруй хүний жагсаалт гарсан. Тэдний дотор нэгээс долоо хүртэлх сарын тэтгэвэр, тэтгэмжийн мөнгөө авч чадаагүй хүмүүс байна. Өнгөрсөн жил орон нутгаас шийдвэрлэж өгсөн 600 сая төгрөгөөс алслагдсан газарт амьдардаг тэтгэвэр, тэтгэмжээ олон сараар авч чадаагүй хүмүүст эхний ээлжинд олгосон байгаа.

 - Нийгмийн халамжийн сангийн 2019 оны төсөв хүрэлцээтэй юу?

- Энэ жилээс холбогдох хуульд өөрчлөлт оруулж, Нийгмийн халамжийн сангийн санхүүжилт улсын төсвөөс ирдэг болсон. Оны эхний хоёр сарын тэтгэвэр, тэтгэмжийг бүрэн олгоод байна. Өмнө нь нийгмийн халамжийн сангийн санхүүжилт нэг дансанд төвлөрдөг байсан бол энэ жилээс асаргааны тэтгэмж, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэний тэтгэмж, онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, хүүхдийн мөнгөн тэтгэмж, ахмадын хишиг гэх мэтээр тус тусдаа дансанд ордог болсон. Тийм учраас 2019 онд халамжийн мөнгө дутуу олгогдоно гэсэн ойлголт байхгүй.

- “Нийгмийн эмзэг бүлэгт хоол тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд бага орлоготой ядуу өрхийн гишүүдэд хүнсний талон олгох ажил зохион байгуулагдаж байгаа. 2019 онд 2064 өрхийн 7723 насанд хүрсэн иргэн, 7225 хүүхдэд хүнсний эрхийн бичиг олгохоор 2,2 тэрбум төгрөгийн санхүүжилт батлагдан ирсэн ч бас л хүрэлцэхгүй байгаа гэсэн асуудал яригдаж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Өрхийн амьжиргааны түвшинг үнэлэх ажил дөрвөн жил тутам явагддаг. Амьжиргааны түвшин доогуур буюу 300-аас доош оноотой, дөрвөөс доошгүй өрхийн гишүүнтэй өрхүүдэд хүнсний талон олгодог журамтай. Энэ жил батлагдсан 2,2 тэрбум төгрөгийн санхүүжилт хүрэлцэхгүй байгаа нь үнэн. Одоогийн байдлаар төлөвлөсөн хэмжээнээс илүү гарсан аймгийн төвийн 270 орчим, хөдөө сумдыг нэмж нийтдээ 430 орчим өрхийн асуудал шийдвэрлэгдээгүй хүлээгдэж байна. Үүнтэй холбогдуулан манай ерөнхий газраас 530 өрхийн амьжиргааны түвшинг дахин үнэлэх чиглэл ирсэн. Уг ажил сумдад явагдаж байгаа бөгөөд ирэх сарын 16-ны дотор дуусгаж, судалгааны дүнг дээшээ явуулна. Үүний дараа тодорхой шийдвэр гарна гэсэн хүлээлттэй байна.

 

Связанные новости