Монгол, Японы байгаль орчныхон мөнгөн усны талаар хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ,
Япон улсын БОЯ-тай хамтран жил бүр зохион байгуулдаг зөвлөлдөх уулзалт боллоо.
Уулзалтаар мөнгөн усны талаарх Минаматагийн конвенцийг Монгол Улс хэрэгжүүлж буй байдлыг хэлэлцлээ.
Манай улсад 2006 оноос хэрэгжүүлж буй дээрх конвенцийн хүрээнд мөнгөн усны үндэсний тооллого хийж, эрх зүйн шинжилгээ, мэдээлэл, мэдлэг түгээх зэрэг ажлыг үе шаттай хийснийг танилцууллаа. Түүнчлэн алтны бичил уурхайтай холбоотой үндэсний төлөвлөгөө боловсруулах төсөл (UNEP) хэрэгжүүлж байна. Тодруулбал, алтны бичил уурхайн салбарын суурь цогц болон стратегийн үнэлгээг хийж, улмаар үндэсний төлөвлөгөөг боловсруулаад байна. Энэ хүрээнд, Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй “Тогтвортой бичил уурхай төсөл”-ийн дэмжлэгтэйгээр мөнгөн усгүй хүдэр баяжуулах цехийн орчимд газрын доорх гүний усны хяналтын дөрвөн цооног байгуулжээ. Энэ талаар БОАЖЯ-нд болсон зөвлөлдөх уулзалтын үеэр мэдээлж байв.
Уулзалтанд холбогдох яамд, агентлаг, хувийн хэвшил,
ТББ-ууд болон Япон улсын ЭСЯ-ны төлөөлөгч, судлаачид оролцож мөнгөн усны талаарх олон нийтийн мэдлэг,
мэдээллийг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо. Тухайлбал, холбогдох байгууллагуудын
цахим хуудсаар дамжуулан мөнгөн усны хор хөнөөлийн талаар мэдээ, мэдээллийг
олон нийтэд хүргэж ЕБС-ын сурагчдад зориулсан “Ногоон паспорт” аян,
“Мөнгөн усны тухай Минаматагийн конвенц, түүний хэрэгжилтийн асуудлаарх”
бүсчилсэн сургалт, семинар, олон нийтэд зориулсан “Мөнгөн усны чимээгүй аюул”
гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулж буй талаар мэдээллээ.