Үхсэн малын махыг Улаанбаатар хотод аваачихаар хадгалж байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт хаваржилт хүндэрч малын зүй бус хорогдол ихэссэнтэй зэрэгцээд зарим газарт хүмүүс үхсэн малын махыг цуглуулж явж байгаа тухай яриа иргэдийн дунд гараад байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас үхсэн малын махыг худалдан авах, худалдаалах, бэлтгэн нийлүүлэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн хэмжээнд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг энэ сарын 1-нээс явуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт Өлгий сумын иргэн М гэртээ 500 кг үхсэн малын мах хадгалж байсан зөрчлийг илрүүлжээ.
Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид уг
махыг хураан авч эзнийг нь байлцуулан устгасан байна. Цагдаагийн байгууллага тухайн
иргэний үйлдэл гэмт хэргийн шинжгүй хэмээн үзсэн тул хүний эрүүл
мэндэд сөрөг нөлөө үзүүлэх бүтээгдэхүүн хадгалсан гэсэн үндэслэлээр Зөрчлийн
тухай хуулийн дагуу 500 мянган төгрөгөөр торгожээ.
Малын ченжээр ажилладаг иргэн М нь зүй бусаар
хорогдсон малын махыг тус аймгийн Дэлүүн сумын иргэдээс авсан ба Улаанбаатар хотын Эмээлт зах дээр байгаа хятад иргэдэд худалдахаар төлөвлөсөн хэмээн тайлбарласан байна.
Харин өнөөдөр өөр хоёр иргэн гэртээ үхсэн малын мах хадгалж байгаа талаар мэдээлэл ирж, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид
уг асуудлаар цагдаагийн байгууллагад хандаад байгаа аж.
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.