Музейн сан хөмрөгт улсын тооллого хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Аймгийн Музейн
сан хөмрөгийн тооллого хоёр сар гаруйн хугацаанд үргэлжилж, нийтдээ 2725 дэсийн 5736 ширхэг үзмэр, эд
өлгийг тоолж бүртгэсэн байна. Одоогоор тооллогын явц 99,96 хувьтай байгаа бөгөөд
аймгийн Музейгээс гадна бүх сумын Соёлын төвийн дэргэдэх Орон нутаг судлах музейн үзмэр, эд өлгийн зүйлсийг тоолж бүртгэжээ.
"БСШУС-ын сайдын тушаал болон аймгийн Засаг даргын “Түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого хийх тухай” захирамжаар аймгийн салбар комисс байгуулж тооллогын үйл ажиллагааг өнгөрсөн 1 дүгээр сарын 2-ноос эхлүүлсэн. Тооллогыг аймаг орон нутгийн хэмжээнд нэгэн зэрэг явуулж байгаа. Энэ удаагийн тооллогод улсын хэмжээний төрийн өмчийн музей, байгууллага, орон нутгийн өмчийн музей, шашны өмчийн сүм хийд, хувийн музей зэрэг 45 байгууллага, 265 сумын орон нутаг судлах танхим хамрах ба тооллогын бүртгэл цахим хэлбэрт шилжсэнээрээ онцлог, давуу талтай болж байна" хэмээн аймгийн Музейн дарга С.Цэдэнбал хэллээ.