Тувагийн төлөөлөгчид Увсад ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ, ОХУ-ын Тува улсын Дээд Хурал /Парламент/-ын хамтын ажиллагааны хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Би орос хэлэнд дуртай" уралдааныг энэ өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан Тува улсын Дээд хурлын Орлогч дарга, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Ирина Петровна Самойленко тэргүүтэй төлөөлөгчид Улаангом хотноо ажиллаж байна.
Төлөөлөгчдийг өчигдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн дарга Э.Насанбат, аймгийн Засаг дарга
Д.Батсайхан болон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч нар хүлээн авч уулзан
цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Аймгийн
Засаг дарга, ИТХ-ын дарга нартай хийсэн уулзалтаар дараа жилээс уг үйл ажиллагааны хүрээнд орос хэлний аймгийн олимпиадыг хамтатган хийхээр санал нэгдлээ. Мөн
хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны асуудал, хувь хүний хэрэгцээнд
гаалиар зөвшөөрөгдсөн ачааны хэмжээ бага байгаа, хил дамнасан малын
хулгай, автомашины даатгал зэрэг асуудлаар санал солилцож шийдвэрлэх арга
замын талаар ярилцсан юм.