Ангийнхаа хүүхдүүдийг халдлагаас аварсан цагаач хүүд иргэншил олгоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМРОМ. /BBC/. Сургуулийн автобусыг хулгайлсан этгээдээс ангийнхаа хүүхдүүдийг аварсан
хүүд Италийн иргэншил олгоно гэж тус улсын Ерөнхий сайдын орлогч Маттео
Сальвини мэдэгдсэн байна.
Автобусны жолооч өөрсдийг нь бусад сурагчдаас салган олзлох үед 13 настай Рами
Шехата өөрийн нуусан гар утсыг ашиглан түгшүүрийн дохио илгээжээ. Милан хотоос
холгүй автобусыг шатаахын өмнөхөн Р.Шехата бусад 50 сурагчийн хамтаар зугтаж
чаджээ.
“Хүүгийн эр зоригийг үнэлэн иргэншил олгох нь зүй ёсны хэрэг тул түүнд
иргэншил олгоно. Учир нь тэр хүү эх орныхоо үнэ цэнийг ойлгосон гэдгээ харуулсан”
хэмээн М.Сальвинигийн хэлснийг “Ansa” мэдээллийн агентлаг иш татан уламжилсан байна.
Р.Шехатагийн аав Египетээс Италид 2001 онд цагаачилж ирсэн бөгөөд хүү нь Италид төрсөн хэдий ч түүнд албан ёсны бичиг баримт авч байгаагүй ажээ.
Италийн хууль тогтоомжийн дагуу цагаач эцэг эхээс төрсөн хүүхдүүд 18 нас
хүрээгүй тохиолдолд иргэншил авах эрхгүй байдаг юм.
Үүний зэрэгцээ Марокко улсын цагаач Адам Эль Хамами гэдэг өөр нэгэн хүү Р.Шехатаг нууцаар түгшүүрийн
дохио илгээхэд тусалсан байна. А.Хамимигийн аав хэлэхдээ, хүүд нь ч мөн адил
иргэншил олгох хэрэгтэй гэжээ.
“Хүү маань маш
мэдрэмтгий, түүний сэтгэл маш их гонсойж байгаа. Яагаад гэвэл сургууль дээр нь
хүртэл түүний тухай биш Р.Шехатагийн талаар л ярилцаж байна” гэж А.Хаминигийн аав
нэмж хэлжээ.
Италийн эрх
баригчид А.Хаминид иргэншил олгох эсэх талаар огт дурдаагүй байна.