Увс аймгийн 1999 оны төгсөгчид 20 жилийн ойгоо тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-04-01 21:16:05

Увс /МОНЦАМЭ/. 1999 онд Увс аймгийн ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 20 жилийн ой энэ жил тохиож байна. Тухайн үед аймгийн ерөнхий боловсролын сургуулиудыг 800 гаруй хүүхэд төгсөж байжээ. 1999 оны төгсөгчид “Цэнхэр хязгаар-99” ТББ-ыг хоёр жилийн өмнө байгуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд цөөнгүй ажлыг гишүүдийнхээ дунд зохион байгуулсан байна. Хорин жилийн ой тохиож буйтай холбогдуулан тус ТББ-ын тэргүүн С.Бүдрагчаа тэргүүтэй төлөөлөгчид энэ амралтын өдрүүдээр нутагтаа хүрэлцэн ирж Увс аймагт ажиллаж, амьдарч байгаа бүх гишүүдийнхээ хурлыг хийсэн юм.

Энэ үеэр төгсөгчдийн 20 жилийн ойн үйл ажиллагааг ирэх 7 дугаар сарын 5-6-нд Улаангом хотноо тэмдэглэхээр боллоо. Мөн ойг орон нутагт зохион байгуулах комиссыг баталж, хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн юм.

Үүнээс гадна 1999 онд Улаангом сумын 10 жилийн 2-р сургуулийн 10б ангийн төгсөгчид энэ амралтын өдрөөр төрөлх сургуулийнхаа урлаг зааланд орос, англи хэлний олимпиад зохион явууллаа. Тус олимпиадад 8-12-р ангийн 300 гаруй сурагч оролцож, оюун ухаан, эрдэм мэдлэгээ сорин өрсөлдсөн юм.

Олимпиадын нэгдүгээр байр эзэлсэн хоёр сурагчид МУИС-д суралцах эрхийн бичиг, хоёрдугаар байр эзэлсэн хоёр сурагчид “Улаанбаатар эрдэм” дээд сургуульд 40 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр, гуравдугаар байр эзэлсэн хоёр сурагчид мөн сургуульд 30 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцах эрхийн бичиг тус тус олголоо.

“Манай сургуулийн 1999 оны 10б ангийн төгсөгчдийн зүгээс зохион байгуулсан орос, англи хэлний олимпиад нь гадаад хэл сонирхогч сурагчдын сурах хүсэл эрмэлзлэлийг дэмжсэн, оюуны томоохон хөрөнгө оруулалт боллоо” хэмээн Улсын тэргүүний цогцолбор 2-р сургуулийн менежер Р.Орших хэллээ. 

Связанные новости