Уушгины хатгааны эсрэг вакцины дархлаажуулалтыг үе шаттайгаар нэвтрүүлж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Өнөөдөр манай улсад тав хүртэлх насны хүүхдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан нь уушгины хатгалгаа байгаа аж. Иймээс энэхүү өвчнөөс сэргийлэх, нас баралтыг бууруулах бодлогыг Монгол Улсын ЭМЯ-наас авч хэрэгжүүлж байгаа томоохон ажлын нэг бол шинээр нэвтэрч байгаа дархлаажуулалтын вакциныг эхлүүлж байна.
Халдварт саагийн
эсрэг идэвхгүйжүүлсэн вакцинаар таван сартай хүүхдийг, пневмококкийн эсрэг
вакцинаар хоёр сартай хүүхдийг товлолын дагуу вакцинжүүлэх ажил Сэлэнгэ аймагт эхэллээ.
Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан Сэлэнгэ аймгийн
ЭМГ-аас Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтарсан сургалт, зөвлөгөөнийг Сүхбаатар суманд зохион явууллаа. Сургалтаар халдварт саа болон пневмококкийн эсрэг вакцинаар дархлаажуулах
талаарх арга зүйн зөвлөмж, мэдээллийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн
эмч, мэргэжилтнүүд өглөө. Энэхүү
сургалт нь пневмококкийн эсрэг вакциныг улс орон даяар нэвтрүүлэх, мөн халдварт
саа өвчнийг дэлхий нийтэд устгах зорилтын хүрээнд зохион байгуулж буйгаараа
өндөр ач холбогдолтой юм. Мөн ЭМЯ-наас уушгины хатгааны эсрэг вакцины
дархлаажуулалтыг үе шаттайгаар нэвтрүүлэх зорилтын дагуу аяныг эхлүүлж байгаа
ажээ.
Бага насны хүүхдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан бол
уушгины хатгалгаа байгаа учраас сэргийлж болох дархлаажуулалын ажилд маш хариуцлагатай хандах ёстой гэнэ. Вакцины хадгалалт,
тээвэрлэлт, тарих технологи, хүүхдийн хүлээж авах биеийн байдал, эмчийн хяналт
гээд нарийн тогтолцоон дунд хийдэг юм байна. Мөн дархлаажуулалтын дараах
урвал, хүндрэл гарахаас болгоомжилж сэрэмжлэх, вакцин тариулж байгаа хүүхдээ
нэг бүрчлэн үзэж, биеийн байдлыг нь тогтоож байх ёстой аж.
Тус дархлаажуулалтын вакциныг Улаанбаатар хотын
дүүргүүдэд үе шаттайгаар нэвтрүүлээд баталгаа нотолгоог нь гаргачихсан бөгөөд нас
баралтыг 40 хувь бууруулсан үр дүнтэй байгаа ажээ. Харин одоо хөдөөд нэвтрүүлэх
ажлыг эхлүүлж байгаа юм байна. Тус сургалтад Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоны 120 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамарлаа. Вакцинжуулалт нь томилогдсон
вакцинатурын ажил биш, маш хариуцлагатай багийн ажил учраас ийн багаар нь
дуудан сургаж байгаа ажээ.