“Гэр бүлийг дэмжих жил”-ийн нээлтийн ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-04-06 16:37:49

Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ оныг аймгийн ЗДТГ-аас “Гэр бүлийг дэмжих жил” болгон зарласны дагуу зорилтод жилийн  ажлын нээлтийн үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 05-нд Сайншанд суманд зохион байгууллаа.

Боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах хүүхэд хамгаалал,залуусын оролцоо идэвх санаачилгыг дэмжих, гэр бүлийн хөгжил хамгааллыг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх цуврал сургалт, лекц, зөвлөгөөнийг санаачлан  зохион байгуулж буйгаас гадна эрүүл мэндийн салбарт 100 ортой, 50 ортой, 10 ортой эмнэлгийг ашиглалтад оруулна.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах, тэдний орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана хэмээн аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин ярив.


Дорноговьд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 167 гэр бүл байна


Дорноговь аймаг 21300 өрхтэй. Үүнээс 1389 өрх толгойлсон эмэгтэй, 253 өрх толгойлсон эцэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл 2012, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэр бүл 167, архины хамааралтай гэр бүл 305, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой гэр бүл 1107, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 2598 буй.

Үүнийг дагаад гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд өсөж торних боломжгүй хүүхдийн тоо нэмэгдсээр байна. Тиймээс гэр бүлийн боловсролын асуудалд анхаарах зайлшгүй шаардлагатай байгаа талаар аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ч.Байгалтуяа жилийн ажлын хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөө танилцуулах үеэр мэдэгдсэн.

Мөн нийгмийн сэтгэл зүйч бэлтгэх, сургалт, эмэгтэйчүүдийн чуулган, ерөнхий боловсролын сургуулийн эцэг эхийн зөвлөгөөн, угийн бичгийн сургалтыг зохион байгуулсан бол Сайншандад түр хамгаалах байрыг ашиглалтад оруулжээ.

 

Түр хамгаалах байрыг ашиглалтад оруулав


Хорин тав орчим мянган хүн амтай Сайншанд хотод хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг хамгаалах байрыг дөрөвдүгээр сарын 05-нд ашиглалтад орууллаа. Тус аймагт архины хамааралтай 300 гаруй өрх айл буй бөгөөд үүнээс улбаалсан гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг гардаг аж.

Он гарснаас хойш  Дорноговь аймагт хоёр хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тухай аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ч.Байгалтуяа ярив.

Цаашид Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, журмуудын хэрэгжилтийг хангах, түр хамгаалах байрны үйл ажиллагааг сайжруулж, сэтгэл зүйн үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэх, “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” сургалтыг зорилтот гэр бүлүүдэд зохион байгуулах, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нарт зориулсан тусгай сургалт, өдөрлөг, арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах, зорилтот бүлгийн иргэдэд чиглэгдсэн үйлчилгээнүүд бий болгох зэрэг олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.  

Зорилтод жилийн арга хэмжээний нээлтэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төлөөлөл, аймаг, сумын удирдлагууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл болон Сайншанд сумын иргэд оролцов.

 

Связанные новости