Увс аймагт 77.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Энэ сарын 5-6-ны өдөр "Увс аймагт хөрөнгө оруулагчдын чуулган-2019" үйл ажиллагаа Улаанбаатар хотноо амжилттай болж өнгөрлөө. Хөрөнгө оруулалтын чуулганы үеэр нийтдээ 77,6 тэрбум гаруй төгрөгийн 18 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх санамж бичигт аймгийн Засаг дарга Д.Батсайхан холбогдох албаны хүмүүстэй хамтран гарын үсэг зурж баталгаажууллаа.
Үүнээс хөдөө аж ахуйн салбарт мах, махан бүтээгдэхүүн
боловсруулах үйлдвэр, дулааны аргаар мах боловсруулах үйлдвэр, хүнсний ногооны
төсөл зэрэгт нийтдээ 29,5 тэрбум, эрчим хүчний салбарт 26,3 тэрбум, байгаль
орчны салбарт 14,7 тэрбум, аялал жуулчлалын салбарт 1,6 тэрбум, эрүүл мэндийн
салбарт 160 сая, боловсруулах салбарт 2,5 тэрбум, банк санхүүгийн салбарын
бүтээн байгуулалтад 2 тэрбум, нийгмийн бусад салбарт 660 сая төгрөгийн төслийг
төр, хувийн хэвшил, иргэдийн хандиваар хамтран хэрэгжүүлэхээр болсон байна. Энэ бүхний үр дүнд Увс аймагт
ажлын байр шинээр нэмэгдэж ард иргэдийн амьжиргаа дээшлэх олон талын ач
холбогдолтой байна.
Хөрөнгө оруулалтын чуулганы үеэр Увс аймгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр “Увсад үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг гаргалаа. Мөн аймгийн “Ойрад” театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ “Икэлийн уриа” тоглолтыг нийслэлийнхэнд өргөн барьсан юм. Өнгөрсөн сарын 30-наас эхлэн Улаанбаатар хотноо Увс аймгийг сурталчлах өдрүүд зохион байгуулсан.
Тодруулбал, өмнөх долоо хоногт нь "Мишээл
экспо" төвд болсон “ITM-2019” үзэсгэлэнгийн түнш аймгаар энэ жил Увс сонгогдсон байсан
бөгөөд тус аймагт аялал жуулчлал хөгжүүлэхээр ажиллаж буй аж ахуйн нэгж,
байгууллагууд өөрийн байгууллагаа сурталчлах ажлыг энэ үеэр зохион байгуулсан
юм. Мөн аймгийн “Ойрад” театрын уран бүтээлчид Дархан, Эрдэнэт хотод ажиллаж, амьдарч
байгаа увсынхандаа тайлан тогтлолтоо хүргэлээ.